Өнгөрсөн жилийн мэдээллээр, Монгол Улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагад 56.8 мянган үндсэн багш ажиллаж байгаа аж. Үүнээс сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт 10.298 багш ажиллаж байгаа бол ерөнхий боловсролын сургуульд 39.126 үндсэн багш ажиллаж байна. Харин техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад 2163, дээд боловсролын сургалтын байгууллагад 5266 багш ажиллаж байгаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тэгвэл судалгаагаар сургуулийн өмнөх боловсролын нэг багшид 25 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 хүүхэд ногдож байна гэж мэдээлэлд дурджээ. Стандарт, дүрэм журмынхаа дагуу явдаг бол энэ тоо үнэн. Гэтэл Монгол Улсад энэ тоо хоёр дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, нэг ангид дунджаар 45-55 хүүхэд суралцаж буй. Монголд хамгийн ачаалалтай хэр нь “арчаагүй” үнэлэгддэг болсон салбар бол боловсролын салбар багш нар болоод удаж байна. Учир нь цалин бага ачаалал их. Дээрээс нь эцэг, эхчүүдийн хэл ам гэж дийлдэхгүй. Улмаар багшийн хомсдолд орж ихэнх багш нар мэргэжлээрээ бус хар бор ажил хийж, хилийн чанадыг зорих болсон. Ингэснээр Монгол Улс багшийн дутагдалд орсон. Салбартаа үлдсэн багш нар нь аргаа барж өнгөрсөн жилийн яг энэ үед багш нар цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардаж, арав гаруй хоног ажил хаяж, талбай дээр суулт зарлаж байв.
Харин Засгийн газраас цалин хөлсийг 2026 оны нэгдүгээр сараас 50 хувь цаашлаад шат дараатай нэмэгдүүлэх амлалтыг өгснөөр орон даяар зохион байгуулагдаж байсан багш нарын ажил хаялт зогссон юм.
Тодруулбал, багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сараас 50 хувь, энэ оны арваннэгдүгээр сараас 26 хувь нэмэгдүүлж, 3.5 сая төгрөгт хүргэхээ Засгийн газар амласан. Багшийн хомсдолоос гарах, багш нарыг салбарт нь үлдээх гол хөшүүрэг нь маргаангүй цалин. Үүний араас анги дүүргэлтийг бууруулах, ажиллах орчин нөхцөлөөр хангах явдал юм.
Өнөөдрийн байдлаар багш нарын хувьд 50 хувь нэмэгдсэн дүнгээр буюу анги даалт, илүү цаг, мэргэжлийн зэрэг зэргээс шалтгаалж нийслэлд шинэ багш, 2 сая 948 мянган төгрөгийн цалин авч байгаа бол аймагт 3 сая 244 мянга, суманд 3 сая 541 мянган төгрөгийн цалин авч байгаа аж.
Харин 20-иос дээш жил ажилласан туршлагатай багш нийслэлд 3 сая 541 мянга, аймагт 3 сая 838 мянга , суманд 4 сая 135 мянган төгрөгийн цалин авч байгаа ажээ. Улмаар энэ дүн ирэх сарын 1-нээс 26 хувиар нэмэгдэх юм. Үүнд 670 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж, төсөвт тодотгол хийж хэмнэж, хэмнэсэн мөнгөөрөө багш нарынхаа цалинг нэмэхээр Засгийн газар тооцоолж буй. Гэтэл төсвийн тодотголоо өргөн бариад сар болж байна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл батлаагүй хэвээр. Арваннэгдүгээр сарын 1-н болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ.
