ТЭТГЭВЭР НЬ 600 МЯНГА, БАЙРНЫ ТӨЛБӨР НЬ 1.42 САЯ: ТӨРИЙН ОРОН СУУЦ ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?
Төр иргэдээ орон сууцжуулна гэж амладаг. Гэтэл “Солонго-1, 2” төслийн байрны үнэ, сарын төлбөр нь зорилтот бүлгийнхний нуруун дээр ахадсан ачаа болох нь.
Нэг м.кв нь 3.9 сая төгрөг, 45 м.кв байр нь 175.5 сая төгрөг! Нисэх орчимд хувийн хэвшлийн зарим шинэ орон сууцны нэг м.кв үнэ 3.5 сая төгрөг орчим байхад төрийн дэмжлэгтэй төслийн байр илүү үнэтэй байгаа нь анхаарал татаж байна.
Үүгээр ч зогсохгүй, 20 жилийн хугацаатай түрээслээд өмчлөх нөхцөлөөр иргэн сар бүр 1.42 сая төгрөг төлөхөөр танилцуулжээ.
Гэтэл ахмад настны дундаж тэтгэвэр 792 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэвэр 600 мянган төгрөг болохоор байна. Тэтгэврээ бүтнээр нь байрны төлбөрт өгсөн ч хүрэлцэхгүй, хоол хүнс, эм тарианыхаа мөнгийг хаанаас олох вэ?
Урьдчилгаагүй гэдэг нь төлбөрийн дарамтгүй гэсэн үг биш!
Төрийн дэмжлэгтэй орон сууц зах зээлийн зарим үнээс өндөр, сарын төлбөр нь зорилтот бүлгийн иргэдийн орлогоос давсан хэвээр байвал энэ хөтөлбөр яг хэнд зориулагдсан бэ?
Барилга, хот байгуулалтын яамны хувьд байр барьж, ашиглалтад оруулах нь амжилт байж болох ч иргэд нь төлбөрийг нь дийлэхгүй бол орон сууцжуулах бодлого зорилгодоо хүрсэн гэж үзэхэд бэрх.
БАЙР БАРЬСАН НЬ АМЖИЛТ БИШ, ИРГЭД НЬ АВЧ ЧАДАХ НЬ ЖИНХЭНЭ ҮР ДҮН!
