Худалдаа хөгжлийн банкны системийн шинэчлэл харилцагчдад хүндрэл учрууллаа…
Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) системийн шинэчлэл хийхтэй холбоотойгоор 2026 оны аравдугаар сарын 16-наас 19-нд шилжих хугацаанд зарим үйлчилгээгээ түр хугацаанд хязгаарлахаа урьдчилан мэдэгдсэн. Банкны мэдээлснээр, шинэчлэл нь суурь бүртгэлийн системтэй холбоотой гэж мэдэгдэж байв.
Гэвч банкны үйлчилгээний доголдол харилцагчдын өдөр тутмын санхүүгийн хэрэгцээ, төлбөр тооцоонд хүндрэл учруулсан бол энэ асуудлыг зөвхөн техникийн шинэчлэл төдий МЭДЭГДЛЭЭР тайлбарлаад өнгөрөх боломжгүй юм.
Банкны харилцагчид дансандаа байгаа мөнгөө хүссэн үедээ ашиглах, төлбөр тооцоогоо хугацаанд нь хийх, бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, худалдан авалт хийж төлбөрөө картаар төлөхийн тулд санхүүгийн байгууллагад итгэж үйлчлүүлдэг. Харин үйлчилгээ доголдсоноор иргэд төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй, эд зүйл, хоол хүнсээ худалдан авч чадахгүй, аж ахуйн нэгжүүд шилжүүлэг, тооцоогоо хийхэд хүндрэлтэй тулгарсан зэрэг бодит хохирол учруулсандаа тайлбар өгч, ядаж харилцагчидаасаа уучлалт гуйх ёстой баймаар. Дээр нь ХХБ-ыхан өмнө нь хэрэглэгчид, харилцагчдын хэрэглэж хэвшсэн, цээжилж тогтоосон дансны дугаарыг нь сольж өөрчилж, шинэ данс өгсөн атлаа, хуучин дансаараа гүйлгээ хийхэд шинэ данс руу бүртгэгдэнэ ч гэх шиг ойлгомжгүй, этгээд тайлбар өгөөд сууж байх юм.
Техникийн шинэчлэл үү, хакерийн дайралтанд өртөв үү?
Банкны системийг тодорхой хугацаанд шинэчлэх нь тухайн банкны үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилготой байж болно. Гэхдээ шинэчлэлийн явцад харилцагчдад ямар үйлчилгээ хэдий хугацаанд хязгаарлагдах, ямар сувгаар хэвийн үйлчлүүлэх боломжтой байх талаар тодорхой мэдээлэл өгч, ямар ч тохиолдолд харилцагч, хэрэглэгчдийг хохироох ёсгүй бөгөөд энэ нь банкны хариуцлагын нэг хэсэг юм. Хохирсон бухимдсан иргэд ХХБ-ны нүүрномын цахим хаягны доор дүүрэг сэтгэгдэл үлдээжээ.
Ялангуяа банкны үйлчилгээнээс өдөр тутмын орлого, төлбөр тооцоо нь шууд хамаардаг иргэд, жижиг бизнес эрхлэгчдийн хувьд хэдэн өдрийн саатал ч бага асуудал биш. Зээлийн болон бусад төлбөрийн хугацаа хэтрэх, гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх, бизнесийн гүйлгээ саатах, иргэд хоол хүнс, хэрэгцээт эд зүйлсээ худалдан авч чадахгүйд хүрэх зэрэг эрсдэл үүссэн бол түүний хариуцлагыг ХХБ хэрхэн үүрэх вэ гэдэг асуудал үүснэ.
Зарим хэрэглэгчдийн хэлж байгаагаар ХХБ системийн шинэчлэл хийнэ гэж нийтэд зарласан боловч үнэн хэрэгтээ банкны систем нь хакерын дайралтанд өртөж, хэрэглэгч, харилцагчийн дата мэдээллийг алдах, систем доголдох, дансан дах үлдэгдэл мөнгөнд эрсдэл учрах аюул бий болсон юм биш гэсэн хардлага байна. Мөн ХХБ-ны пэйж хуудсаар дүүрэн мэдээллээ сайн түгээгээгүйд бухимдсан, иргэд цахим банкиндаа орж чадахгүй уурласан пост, меншион дүүрэн байна.
Ямартай ч хэрэглэгч, харилцагчдыг хохироосон нөхцөлд ХХБ харилцагчдадаа учирсан хүндрэл, хохиролдоо уучлалт гуйхын зэрэгцээ бодит хохирлын талаарх гомдлыг хэрхэн хүлээн авч, ямар журмаар шийдвэрлэхээ тодорхой мэдээлэх шаардлагатай.
Ингэж гэмээнэ ХХБ-ны нэр хүнд өсөх төдийгүй харилцагчдын итгэл сэргэх юм.
Эцсийн дүндээ банкны үйлчилгээний чанар зөвхөн ашиг орлого, системийн технологийн шинэчлэлээр хэмжигдэхгүй. Харилцагчдын мөнгө, цаг хугацаа, эрх ашгийг хэрхэн хамгаалж байгаагаар хэмжигдэнэ. Тиймээс ХХБ-ны хувьд үйлчилгээний доголдлын шалтгааныг тайлбарлахаас гадна харилцагчдад учирсан бодит хохирол байгаа эсэхийг тодруулж, гомдол саналд хариу өгөх нь зүйтэй.
Ташрамд хэлэхэд ХХБ-ны нэгж хувьцаа 2023 онд анхдагч зах дээл дээр 33,000 төгрөг байсан бол гурван жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар 12,410 төгрөг болж 60 гаруй хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл харилцагчдын ХХБ-нд итгэл тэр хэрээр буурч байна гэсэн үг юм.
Эндээс харахад Гүйцэтгэх захирал О.Орхоны удирддаг ХХБ цаашид иргэдийн итгэлийг сэргээж, үйл ажиллагаагаа чанаржуулан, доголдолгүй авч явж, хэрэглэгч, харилцагчдынхаа найдвартай түнш хэвээрх үлдээж чадах уу гэдэг асуудал анхаарал татаж байнам.
