Нийслэлийн МАН-ын дарга солигдоно, дөрвөн дэд дарга ч шинэчлэгдэнэ. Хотын дарга Пүрэвдагва нийслэлийн намын шинэ удирдлагад ямар байр суурь эзлэх вэ?
Нийслэлийн МАН-ын дотоод улс төрийн томоохон өөрчлөлт маргааш өрнөх гэж байна. Нийслэлийн МАН-ын Бага хурал арваннэгдүгээр сарын 7-ны 10:00 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдана.
Энэ удаагийн хурлаар нийслэлийн МАН-ын хорооны даргаа солихоос гадна дөрвөн дэд дарга, тэргүүлэгчид болон хяналтын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудал яригдаж байгаа нь анхаарал татаж байна.
Одоогийн нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар хуралд цахимаар оролцож, дараагийн даргадаа намын тамгаа шилжүүлэн өгөхөө мэдэгдээд буй. Тэрбээр 2024 оны тавдугаар сарын 18-нд Д.Сумъяабазараас намын тамгыг гардан авч, хоёр жилийн хугацаанд ажилласан байна.
Харин хотын даргаар Пүрэвдагва ажиллаж буй энэ үед нийслэлийн МАН-ын удирдлагын шинэчлэл хэрхэн өрнөх нь улс төрийн анхаарлын төвд орж байна. Хотын захиргаа болон нийслэлийн намын байгууллагын удирдлага шинэчлэгдэхтэй холбоотойгоор эрх мэдлийн шинэ хуваарилалт бий болох уу гэдэг асуулт ч дагаж байна.
Х.НЯМБААТАРЫН БАГИЙГ БҮТНЭЭР НЬ СОЛИХ УУ?
Нийслэлийн МАН-ын Бага хурал одоогоор 489 гишүүнтэй. Намын хороо дөрвөн дэд дарга, 25 тэргүүлэгчтэй бөгөөд тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд Ерөнхий сайд Н.Учрал, дүүргийн намын хорооны дарга нар, хотын дарга, НИТХ-ын дарга болон зарим УИХ-ын гишүүн багтдаг.
Энэ удаагийн хурлаар зөвхөн намын хорооны дарга солигдох бус, дэд дарга, тэргүүлэгчид, хяналтын хорооны бүрэлдэхүүн ч шинэчлэгдэх мэдээлэл байна.
Одоогийн бүрэлдэхүүний олонх нь Х.Нямбаатарын багийн хүмүүс гэх шалтгаанаар бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл бий.
Тэгвэл шинэ дарга сонгогдсоноор Х.Нямбаатарын багийн нөлөө хэвээр үлдэх үү, эсвэл нийслэлийн МАН-д шинэ хүчний харьцаа тогтох уу? Хотын дарга Пүрэвдагва энэ өөрчлөлтийн хүрээнд намын удирдлагын ямар байр суурьтай үлдэх вэ?
НИЙСЛЭЛИЙН МАН-ЫГ 2010 ОНООС ХОЙШ ХЭН ХЭН УДИРДАВ?
* 2010–2012 он: Г.Мөнхбаяр
* 2012–2017 он: НИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн МАН-ын хорооны дарга
* 2017–2018 он: С.Батболд
* 2018–2024 он: Д.Сумъяабазар /2022 онд улиран сонгогдсон/
* 2024–2026 он: Х.Нямбаатар
* 2026 он: Шинэ дарга хэн байх вэ?
Нийслэлийн МАН-ын даргын суудал хотын улс төрийн эрх мэдэлтэй салшгүй холбоотой байсаар ирсэн. Тиймээс маргаашийн Бага хурлаар намын тамга хэнд очихоос гадна нийслэлийн улс төрийн дараагийн баг хэрхэн бүрдэх нь чухал.
Х.Нямбаатар тамгаа шилжүүлнэ. Харин нийслэлийн МАН-д эрх мэдлийн шинэ хуваарилалт эхлэх үү? Хотын дарга Пүрэвдагва болон шинэ намын удирдлагын харилцаа ямар байх вэ? Маргаашийн хурлаас хариулт хүлээх улс төрийн гол асуулт энэ болж байна.
