Төрийн албыг цомхон, чадварлаг болгоно гэж ярьж байгаа Засгийн газрын өмнө эхлээд шийдэх нэг том асуудал байна. Тэр нь төрийн албанд хэн, ямар шалгуураар томилогдон ажиллаж байгаа вэ гэдэг асуудал.
2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа төрийн албаны халаа сэлгээ, түр орлон гүйцэтгэгчдийн асуудлыг хөндөв.
Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнгийн танилцуулсан тоо баримт анхаарал татаж байна.
2026 оны наймдугаар сарын 31-ний байдлаар яамд болон 20 агентлагт хийсэн хүний нөөцийн аудитаар төрийн албанд нийт 2398 түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа аж.
Үүнээс 1481 нь Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан 10 үндэслэлийн дагуу түр орлон гүйцэтгэж байгаа бол үлдсэн 917 хүний томилгоо хуульд заасан шаардлагад нийцэхгүй байгаа талаар Төрийн албаны зөвлөлийн дарга мэдээлжээ.
Өөрөөр хэлбэл, нийт түр орлон гүйцэтгэгчдийн 38.2 орчим хувь нь хуульд заасан үндэслэлгүй томилогдсон гэх асуудал хөндөгдөж байна.
Эндээс төрийн албанд мэргэжлийн шалгалт, мерит зарчмаар шатлан дэвших ёстой байтал гаднаас ямар шалгуураар, хэний шийдвэрээр хүмүүс томилогдон орж ирж байна вэ гэсэн асуулт урган гарна.
ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ НЬ, ЕРӨНХИЙ АУДИТОРЫНХ НЬ ОРЛОГЧ Ч ЗӨРЧИЛТЭЙ ТОМИЛОГДЖЭЭ
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл энэ асуудлыг хөндөхдөө Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгээс өөрийнх нь түр орлогчийн томилгооны талаар шууд асуусан юм.
Тэрбээр шаардлага хангахгүй хэрнээ өндөр цалин авч буй албан хаагчдын асуудлыг хөндөж, “Таны түр орлогч ямар нэгэн зөрчилтэй байсан уу, яаж томилогдсон бэ?” хэмээн лавлав.
Харин Ерөнхий аудитор С.Магнайсүрэн:
“Нэг түр орлогчийн маань асуудал байгаа. Төрийн албаны зөвлөлийн аудит манайд орсон. Энэ хүний асуудлыг шийд гэсэн тогтоол гарсан. Асуудлыг хуулийн дагуу болгоно” хэмээн хариулжээ.
Төрийн хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй байгууллагын удирдлагын түвшинд хүртэл томилгооны зөрчил илэрсэн нь асуудлын цар хүрээг харуулж байна.
34 АЛБАН ТУШААЛТНЫ ТОМИЛГООНД ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнгийн нэмж танилцуулснаар яамд, агентлаг, Засаг даргын Тамгын газруудад хууль тогтоомж зөрчин түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нийт 34 албан хаагчийн асуудал тогтоогджээ.
Тэдгээрээс хоёр тохиолдлыг дахин сонгон шалгаруулалт зарлах замаар залруулсан байна.
Мөн 2025-2026 онд 30-40 мянга гаруй төрийн жинхэнэ албан хаагчийг хамруулсан хүний нөөцийн хяналт, шалгалт, аудит хийсэн гэх мэдээлэл бий.
Гэвч шалгалт хийж, зөрчил илрүүлээд өнгөрөх биш, шийдвэрийн хэрэгжилтийг хэн хянаж, хариуцлагыг хэн хүлээх вэ?
Төрийн албаны зөвлөлийн даргын хэлснээр шалгалтын дараа байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт гэх шалтгаанаар зөвлөмж, шийдвэрийн биелэлт удаашрах хүндрэл гардаг аж.
ТӨСВИЙН ЗАРДАЛ ТАНАХААР ЯРЬЖ БУЙ ЭНЭ ҮЕД ТӨРИЙН АЛБАНД ШАЛГУУРГҮЙ ТОМИЛГОО ХЭДИЙ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?
Төсвийн мөнгөөр цалинжиж буй 2398 түр орлон гүйцэтгэгчийн томилгоог нэг бүрчлэн ил болгож, хэн томилсон, ямар үндэслэлээр ажиллуулж байгаа, хэдий хэмжээний цалин авдаг, хууль зөрчсөн томилгоог хэзээ цэгцлэхийг олон нийт мэдэх эрхтэй.
Төрийн албыг цомхон болгох бодлого зөвхөн орон тоо хасах нэрээр жинхэнэ албан хаагчдыг шахах биш, хуульд нийцээгүй томилгоог цэгцлэхээс эхлэх ёстой.
Төрийн алба хэний танил, хэний томилгоогоор ажилладаг газар биш. Хуулийн шалгуур хангасан хүний ажиллах талбар байх ёстой.
