Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны бүгд найрамдах Герман улсад хийж буй төрийн айлчлал албан ёсоор эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Берлин хотын “Бранденбург” нисэх онгоцны буудлын цэргйн зориулалтын тусгай бүсэд Монгол Улсаас Герман улсад суух Элчин сайд Ж.Оюунбаатар, Герман улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Төрийн нарийн бичгийн арга Дөррте Дингер нарын албаны хүмүүс угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог юм. Айлчлалын үеэр хоёр Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцана. Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно. Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээнэ. Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын ач холбогдлын талаар судлаач А.Батцэцэг “Герман, Монгол Улс 1974 онд дипломат харилцаа тогтоож, өнөөдөр стратегийн түншлэлтэй улсууд. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Холбооны бүгд найрамдах Герман улсын Ерөнхийлөгч Франк-Вальтар Штайнмайр 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой хүрээнд харилцаагаа шинэ шатанд гаргаж, стратегийн түншлэлийг бий болгосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй төрийн айлчлал 2024 оны стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөн хүрээнд улс төр, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт шинэ үүд хаалга нээх, өргөн боломжийг баталгаажуулсан үр дүнтрэй айлчлал болно гэж бодож байна. Монгол, Герман улс 50 гаруй жилийн хугацаанд олон салбарт хамтын ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, 100 гаруй жилийн түүхэн ой тохиож байгаа нь хамтын нөхөрлөлийн хамгийн том гүүр нь юм. 1925 онд ардын засгийн газраас Монголын залуучуудыг өндөр хөгжилтэй орны соёл, боловсролыг эзэмшиж эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. 1926 онд анхны Монгол залуучууд Герман улсад ирж суралцсаны 100 дахь жил тохиож байгаагаараа онцлог юм. Мөн хоёр улс стратегийн түншлэлийг илүү олон салбарт өргөжүүлэх, улс төрийн итгэлцэл, эдийн засаг, хөрөнгө оруулалтаар баяжуулсан, шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна” гэв.
