Эмэгтэйчүүд дэлхийн спортын ертөнцийг “атгах” хөдөлгөөн эрчээ авах шинжтэй. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгчөөр Көрсти Ковентри гэх олимпын аварга бүсгүй сонгогдож, түүх бүтээсэн. Тэгвэл FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд Мишель Канг гэх бүсгүй өрсөлдөх сураг дуулдав.
FIFA-ийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх 2027 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Марокко улсад тус холбооны 77 дугаар чуулганы үеэр болно. Одоогийн ерөнхийлөгч Жанни Инфантиногоос гадна швейцарь хөлбөмбөгчин Рамон Вега өрсөлдөнө гэгдэж буй.
Инфантино саяхан Монголд ирж, хэдэн хөлбөмбөгийн талбай амлаж, Монголын саналыг авахаар болсон.
Мишель Канг бол АНУ-ын тэрбумтан бөгөөд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт хувьсал хийсэн нэгэн. Түүний эзэмшилд АНУ-ын Вашингтон Спирит, Английн Лондон Сити Лайонессес, Францын Олимпик Лионнес зэрэг эмэгтэй хөлбөмбөгийн багууд бий.
Нэр дэвшигчдийн хувьд дор хаяж FIFA-ийн гишүүн таван улсын хөлбөмбөгийн холбооны дэмжлэгийг авч, нэр дэвших эрхтэй болно.
