NBA-гийн домогт тоглогч Майкл Жорданы 1998 оны финалын хоёр дахь тоглолтод өмссөн, гарын үсэгтэй Чикаго Буллз багийн өмсгөл 14 сая ам.доллароор зарагджээ. Ингэснээр сагсан бөмбөгийн дурсгалын зүйлсийн худалдааны салбарт үнийн дээд амжилт тогтоолоо. Hunt Auctions дуудлага худалдааны байгууллага өнгөрсөн Даваа гаригт мэдээлснээр уг өмсгөлийг Майами хотын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагч Рон Фирман хувийн хэлцлээр худалдан авчээ. Энэ нь сагсан бөмбөгийн дурсгалын зүйлд төлсөн хамгийн өндөр үнэ бөгөөд спортын тоглолтын үеэр өмссөн өмсгөлүүдийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй хоёр дахь худалдаа болж байна.
Одоогоор уг үзүүлэлтийг зөвхөн бейсболын домогт тоглогч Бэйб Рүтийн өмсгөл давж байгаа юм. Тэрбээр 1932 оны Дэлхийн цувралын гурав дахь тоглолтод өмссөн өмсгөлөө 2024 онд 24.12 сая ам.доллароор худалдсан нь спортын дурсгалын зүйлсийн худалдааны дээд амжилт хэвээр байна.
Майкл Жордан уг өмсгөлийг 1998 оны зургаадугаар сарын 5-нд Юта Жазз багийн эсрэг тоглохдоо өмсчээ.
Тухайн тоглолтод Чикаго Буллз баг 93:88-аар ялалт байгуулж, цувралын харьцааг 1:1 болгосон. Жордан 37 оноо авч, таван самбар, гурван оновчтой дамжуулалт гүйцэтгэн багийнхаа ялалтад гол үүрэг гүйцэтгэжээ.
Улмаар Жордан болон түүний багийнхан Юта Жазз багийг зургаан тоглолтод буулган авч, 1998 оны аваргын цомыг хүртсэн юм. Энэ нь Жорданы Чикаго Буллз багийн бүрэлдэхүүнд хүртсэн зургаа дахь бөгөөд сүүлчийн аварга болсон түүхтэй. Тэрбээр финалын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг мөн зургаа дахь удаагаа хүртсэн нь NBA-гийн түүхэн дэх онцгой амжилт юм.
Жорданы карьерын сүүлчийн улиралтай холбоотой энэхүү түүхийг 2020 онд нээлтээ хийсэн “The Last Dance” баримтат кино олон нийтэд дахин сануулсан билээ. Тус бүтээлд 1997–1998 оны улиралд Чикаго Буллз багийн туулсан замнал, Жорданы сүүлчийн аваргын төлөөх тэмцлийг онцлон харуулсан юм.
Hunt Auctions-ийн ерөнхийлөгч Дэвид Хантын хэлснээр, уг өмсгөл хамгийн дээд үнээр зарагдсан нь Майкл Жордан спортын цуглуулгын зах зээл болон олон нийтийн соёлд ямар өндөр байр суурь эзэлдгийг дахин харуулсан. Түүний үзэж буйгаар, Жордантай холбоотой дурсгалын зүйлсийн үнэ цэн урлагийн ховор бүтээлүүдтэй дүйцэхүйц түвшинд хүрч байна.
Сонирхолтой нь, 1998 оны финалын цувралд Жорданы өмссөн өөр хоёр өмсгөл мөн олон сая ам.долларын үнэд хүрч байжээ. Эхний тоглолтод өмссөн өмсгөл нь 2022 онд ойролцоогоор 10.1 сая ам.доллароор, гурав дахь тоглолтын өмсгөл нь есдүгээр сард ойролцоогоор 12.3 сая ам.доллароор тус тус зарагдсан байна.
Түүнчлэн Жорданы 1998 оны финалын хоёр дахь тоглолтод өмссөн Air Jordan пүүз 2023 онд Sotheby’s дуудлага худалдаагаар 2.2 сая ам.доллароор зарагдаж, тухайн үед худалдаанд гарсан хамгийн өндөр үнэтэй пүүзээр тодорч байв.
Ийнхүү Жорданы сүүлчийн аваргын улиралд өмссөн өмсгөл, пүүз зэрэг дурсгалын зүйлс өндөр үнэд хүрсээр байгаа нь түүний спортын ертөнцөд үлдээсэн өв, дэлхий дахинд үзүүлсэн нөлөө өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүйг харуулж байна.ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA
