Цахим спортын “CS2” төрлийн хамгийн нэр хүндтэй, томоохон тэмцээн болох Мэйжорт оролцохын төлөөх өрсөлдөөн ширүүсч байна. Ирэх сарын эхээр “VRS” чансааны оноон дээр тулгуурлан Ази, Европ, Америк тивээс Сингапурын Мэйжорт оролцох багууд бүрэн тодорно.
Өмнө нь Мэйжорын эрхийн төлөөх тэмцээн зохион байгуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд чансааны оноогоор нь эрх олгодог болсон. Тиймээс тэмцээн бүрийн үр дүн, тоглолт бүрийн хожил, хожигдол чухал. Ялангуяа Мэйжор дөхсөн үед хожил бүр үнэ цэнтэй.
Одоогийн байдлаар Азийн бүсийн багууд эгзэгтэй мөчид дээрээ ирлээ. “BC.Game” баг асуудалгүй эрхээ авах шинжтэй. Австралийн “FlyQuest” ч дотоодын гурван тэмцээндээ сайн оролцоход эрхээ баталгаажуулна.
Харин өнгөрсөн долоо хоногт Монголд болсон “MPS Fall” тэмцээн багагүй өөрчлөлт орууллаа. Тус тэмцээнд “Chinggis Warriors” баг түрүүлснээр Мэйжорын эрх авах боломжоо нэмэгдүүлсэн. Эсрэгээрээ “5Star eSports” баг финалын чухал тоглолтод хожигдон өөрсдийгөө хүнд байдалд оруулав.
“MESA”-ийн зүгээс Мэйжор дөхсөнтэй холбогдуулан Монголдоо дахин тэмцээн хийж, багууддаа “VRS” оноо харамлахгүй гэдгээ зарласан. Тэрхүү тэмцээний үр дүн Монголын багуудын хувь заяаг шийднэ.
“Chinggis Warriors” баг чухал тэмцээнд түрүүлэн “VRS” оноогоо нэмэгдүүлснээр Хятадын “TYLOO” болон “The MongolZ” багууд нуман тулгуурт оров. Хэрэв энэ хоёр баг Бухарестэд болох “PGL”-ийн тэмцээнд 0-3 гэсэн амжилттай оролцвол “VRS” оноо буурч, Мэйжорын эрхээ алдаж болзошгүй. Нөхцөл байдал “The MongolZ”-ийн хувьд арай дээр байгаа. Учир нь тэдэнд Бухарестаас өмнө “1win Private Club Season 2” гэх тэмцээн бий.
