Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойн өдөр Монголын сагсан бөмбөгчид эх орондоо ялалтын бэлэг барив.
Тоглолтын гол баатар нь Ш.Энхийн-Од байлаа. Тэрбээр 21 оноо, 10 самбар, 6 ашигтай дамжуулалт хийж, нэг ч бөмбөг алдалгүй тоглосон байна.
Гэхдээ ялалтыг ганцхан түүнд хамаатуулах аргагүй. Тоглолтын төгсгөлд Г.Болор-Эрдэнэ дараалсан хоёр гурван онооны шидэлт амжилттай болгож, Монголын багийн ялалтыг баталгаажуулав. Мөн О.Өсөхбаяр, Г.Дөлгөөн нар багийнхаа оноонд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Харин Индонезийн багаас Маркес Болден 22 оноо, 11 самбар авсан ч энэ удаад Монголын шигшээг зогсоож чадсангүй.
Тоглолтын дараа Ш.Энхийн-Од:
“Бид Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй багуудын нэг. Багаараа сайжрах олон боломж бий” хэмээн мэдэгджээ.
Монголын шигшээ баг 2029 оны Азийн аваргын зүг ялалтын гараагаа ийнхүү эхлүүллээ!
