Л.Энхрийлэн гурав дахь удаагаа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Харин Монголын шигшээ багийн амжилт ганцхан хүрлээр хэмжигдэв.
Монголчууд жүдо бөхөөс медаль хүлээдэг. Учир нь энэ спорт олимп, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж ирсэн бахархал. Гэтэл энэ удаагийн дэлхийн аваргаас ганцхан хүрэл медаль хүртсэн нь олон нийтийн хүлээлтэд хүрсэнгүй.
Л.Энхрийлэнгийн амжилтыг үгүйсгэх аргагүй. Гурав дахь удаагаа дэлхийн аваргын хүрэл медаль хүртэнэ гэдэг хөдөлмөр, тэсвэр, ур чадварын илэрхийлэл. Харин холимог баг хүрэл медалийн төлөө шалгарсан ч Узбекистанд ялагдсан нь Монголын багийн хувьд алдсан боломж байв.
Гэхдээ гол асуулт нь ганц медаль хүртсэндээ бус, Монголын жүдо бөх яагаад хүлээлтдээ хүрсэнгүй вэ гэдэгт байна.
Шигшээ багийн бэлтгэл, тактик, жин тус бүрийн өрсөлдөх чадвар, залгамж халааны бодлого ямар түвшинд байна вэ? Шийдвэрлэх барилдаануудад ямар алдаа гаргав? Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөд манай тамирчдад юу дутагдав?
Эдгээр асуултад бодит баримт, нарийвчилсан дүн шинжилгээгээр хариулах цаг болжээ.
Нэг тэмцээний үр дүнгээр тамирчдын хөдөлмөрийг үгүйсгэж, дасгалжуулагчдыг шууд буруутгах нь өрөөсгөл. Гэхдээ өмнөх амжилтаар өнөөдрийн үр дүнг өмгөөлөөд өнгөрч болохгүй.
Медаль цөөн байж болно. Харин алдаагаа дүгнэхгүй, шалтгаанаа тодруулахгүй өнгөрвөл асуудал хэвээр үлдэнэ.
Монголын жүдо бөх өнгөрсөн амжилтаараа бус, өнөөдрийн өрсөлдөх чадвараараа дэлхийд үнэлэгдэх ёстой. Одоо холбоо, дасгалжуулагчид, шигшээ багийн зүгээс энэ удаагийн үр дүнд бодит дүгнэлт хийж, цаашдын хөгжлийн бодлогоо тодорхой харуулах шаардлагатай байна.
Ганц хүрлийг баярлан тэмдэглэх үү, эсвэл алдсан боломжоо шинжилж, дараагийн дэлхийн аварга, олимпод бэлтгэх үү? Монголын жүдо бөхийн өмнө ийм сорилт тулгарч байна.
