УИХ-ын Хүний эрхийн дэд хороо иргэний нийгмийн байгууллагуудыг парламентын үйл ажиллагаанд татан оролцуулах шинэ хөтөлбөр эхлүүлжээ. Төрийн ордонд зөвхөн улстөрчид асуудал ярьдаг биш, иргэдийн дуу хоолойг хүргэх боломж нээгдэх үү?
“Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөрт нийслэл болон орон нутгийн нийт 37 иргэний нийгмийн байгууллага бүртгүүлсэн байна.
Хөтөлбөрийн эхний уулзалт арваннэгдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, парламентын үйл ажиллагаанд хэрхэн оролцох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрхэд суурилсан төсөв, бодлогын нөлөөлөл хийх зэрэг сэдвээр сургалт зохион байгуулжээ.
Харин хамгийн гол нь эдгээр байгууллага зөвхөн сургалтад сууж, санал бодлоо илэрхийлээд тарах уу, эсвэл УИХ-ын гаргаж буй шийдвэр, баталсан хуулийн хэрэгжилтэд бодитоор хяналт тавих уу гэдэг асуудал юм.
Хөтөлбөр 2027 оны дөрөвдүгээр сар хүртэл зургаан сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд оролцогч байгууллагууд хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, бодлогын санал боловсруулах, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх чиглэлээр ажиллах аж.
37 ТББ-ын төлөөлөл Төрийн ордонд дуу хоолойгоо хүргэх боломжтой болж байгаа ч иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлүүлж чадах эсэх нь энэ хөтөлбөрийн жинхэнэ үр дүнг харуулах биз ээ.
