Европын холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээгээ улам чангаруулахаар төлөвлөж байна. Энэ удаад зөвхөн банк, санхүүгийн байгууллагууд бус крипто платформ, спорт, соёлын салбарыг ч онилжээ.
Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен Оросын дайны санхүүжилтийн эх үүсвэрт цохилт өгөх зорилготой 22 дахь багц хориг арга хэмжээг танилцуулах гэж буйгаа мэдэгдэв.
Түүний мэдэгдсэнээр, Оросын 60 банкийг олон улсын банк хоорондын төлбөр тооцооны SWIFT системээс хасах аж. Өөрөөр хэлбэл, Оросын санхүүгийн системд дахин нэг хүнд цохилт өгөх алхам юм.
Гэхдээ Европын комисс үүгээр зогсохгүй. Хориг арга хэмжээнээс зайлсхийхэд Орост тусалж буй улс орнуудын үйл ажиллагааг хязгаарлах, крипто хөрөнгийн гүйлгээг хянах тусгай ажлын хэсэг байгуулах саналыг мөн дэвшүүлжээ.
Хамгийн анхаарал татсан нь Украины дайнд оролцсон Оросын иргэдэд Европын виз олгохыг хориглох санал байв. Дайнд оролцсон хүмүүс Европын орнуудаар чөлөөтэй зорчих нь аюулгүй байдлын эрсдэл дагуулж болзошгүй гэж Европын комисс үзэж байна.
Харин спортын салбарт ч Оросын оролцоог хязгаарлах бодлого баримтлахаар болжээ. Европт төвтэй спорт, соёлын холбоод Оросын ивээн тэтгэгчдээс санхүүжилт авах боломжийг хумихаас гадна Оросын иргэдийг спортын холбоодын удирдах байгууллагад өндөр албан тушаал хашихыг хориглох санал тусгасан байна.
Урсула фон дер Лейен энэ талаар “Спортын арга хэмжээ суртал ухуулгын үйл ажиллагааны талбар байж болохгүй” хэмээн онцолжээ.
Ийнхүү Европын холбоо Оросыг зөвхөн эдийн засаг, санхүүгийн салбарт шахах бус спорт, соёл, олон улсын харилцааны талбарт ч тусгаарлах бодлогоо үргэлжлүүлэхээр зэхэж байна.
Гэхдээ 22 дахь багц хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэхийн тулд Европын холбооны 27 гишүүн орон бүгд зөвшөөрөх шаардлагатай. Тиймээс энэхүү санал бодит шийдвэр болох эсэх нь гишүүн орнуудын байр сууриас хамаарна.ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA
