Өвлийн өглөө хараахан гэгээ ороогүй байхад хүүхдүүд хичээлдээ явахаар гэрээсээ гарна. Харин тэдний заримынх нь хувьд сургуулийн зүг алхах зам хичээлдээ хоцрохгүй байх уралдаан биш, нохойд хазуулахгүй амьд мэнд хүрэх айдастай аялал болжээ.
Ялангуяа хотын төвөөс алслагдсан гэр хороолол, автобусны буудлаас хол амьдардаг хүүхдүүдийн хувьд золбин болон эзэнтэй ч сул тавьсан ноход бодит аюул болоод байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны Эрдэнэтолгой орчимд байрлах Ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн сурагчид өглөө, орой нохдын сүрэгтэй таарах эрсдэлтэй тулгардаг байна.
Тус сургуулийн долдугаар ангийн сурагч М “Манай гэр сургуулиас нэлээд зайтай. Сургууль руугаа явахад 40 орчим минут зарцуулдаг. Өвөл өглөө эрт харанхуй байдаг учраас гудамжаар алхахад олон нохой таардаг. Нэг нь дайрахаар бусад нь нийлээд дайрдаг. Орой харихад ч хэцүү. Хальтирч унах вий, нохойд дайруулчих вий гэж айдаг. Манай ангийн хүүхэд нохойд хазуулаад бараг долоо хоног хичээлдээ ирээгүй” хэмээн ярьжээ.
Энэ бол ганц хүүхдийн айдас биш. Нохойд хазуулснаас болж гэмтэж бэртэх, эмчилгээ хийлгэх, хичээлээсээ хоцрох асуудал хүүхдүүдийн дунд тулгамдаж байна.
Эмч нарын мэдээлснээр нохойд хазуулсан иргэдийн зарим нь мөч, булчин, шөрмөсний гэмтэл авдаг бол хүнд тохиолдолд хуйх, толгойн хэсэгтээ урагдсан шархтай, мэс засал хийлгэх шаардлагатай ирдэг аж.
17 МЯНГАН ХҮН НОХОЙД ХАЗУУЛЖ, ТАЛ НЬ ХҮҮХЭД
Сүүлийн таван жилийн хугацаанд нохойд хазуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хүний тоо 17 мянгад хүрсэн гэх мэдээлэл байна. Тухайлбал, 2024 онд 4610, 2025 онд 3438, 2026 оны эхний зургаан сарын байдлаар 1440 хүн нохойд хазуулжээ.
Хамгийн анхаарал татах тоо нь нохойд хазуулсан нийт иргэдийн 50 орчим хувийг хүүхэд эзэлж байгаа явдал юм.
Өөрөөр хэлбэл, хүүхэд гэрээсээ сургууль руугаа явахдаа, гудамжинд тоглохдоо, автобусны буудал руу алхахдаа нохойд хазуулах эрсдэлтэй нүүр тулж байна.
ГАЗРАА ЧӨЛӨӨЛӨӨД НҮҮСЭН АЙЛУУД НОХОЙГОО ОРХИЖЭЭ
Иргэдийн ярьж буйгаар гэр хорооллын дахин төлөвлөлт, айлуудын нүүлгэн шилжүүлэлттэй холбоотойгоор эзэнгүй нохдын тоо нэмэгдсэн байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн Улаанхуарангийн эцэс, Баганат өргөө хотхоны орчимд дахин төлөвлөлт үргэлжилж, газраа чөлөөлсөн зарим айл нохойгоо үлдээгээд нүүсэн гэх гомдол иргэдээс гарчээ.
Ийнхүү эзэнгүй үлдсэн ноход сүрэглэн явж, хүн рүү дайрах тохиолдол гардаг байна. Ялангуяа нохдын орооны үеэр сүрэглэх, түрэмгий зан авир гаргах нь нэмэгддэг гэж иргэд ярьж байгаа юм.
Үүнээс гадна эзэнтэй нохойгоо өдөр, шөнөгүй сул тавьдаг айлууд ч бий. Хүүхдүүд өглөө эрт сургуульдаа явах үед нохойгоо уяж, хамгаалалттай байлгадаггүйгээс эрсдэл үүсдэг аж.
ХАЗУУЛСАН ХҮҮХДИЙН ХОХИРЛЫГ ХЭН ХАРИУЦАХ ВЭ?
Нохойд хазуулсан иргэн тухайн нохойны эзнийг олж тогтоож чадахгүй бол нөхөн төлбөр нэхэмжлэх боломж хязгаарлагддаг байна. Харин эзэнтэй нохой хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий.
Тус зүйлд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол 450 мянгаас 5.4 сая төгрөгөөр торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заажээ. Харин хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан тохиолдолд илүү хүнд хариуцлага хүлээлгэнэ.
Гэвч эзэнгүй нохдын асуудалд хэн хариуцлага хүлээх вэ? Хүүхэд нохойд хазуулж, эмнэлэгт хэвтэн, хичээлээсээ хоцорч байхад эзэнгүй нохдын тоог бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг хэн хариуцах ёстой вэ?
Өвлийн өглөө хүүхдээ сургуульд нь явуулахдаа нохойд хазуулах вий гэж айдаг эцэг эхчүүдийн өмнөөс нэг асуулт тавья.
ХҮҮХЭД СУРГУУЛЬДАА АЙДАСГҮЙ ОЧИХ ЭРХТЭЙ БИШ ГЭЖ ҮҮ?
