Төр бүсээ чангалж, үргүй зардлаа танана гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд удаагүй байхад төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 54.054 сая төгрөгөөр хатаасан жимс худалдан авахаар тендер зарласан нь анхаарал татаж байна.
Тодруулбал, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан тендерээр нийт зургаан нэр төрлийн 506 кг хатаасан жимс худалдан авахаар төлөвлөжээ.
Үүнд:
* Анар жимс – 20 кг
* Улаан чавга – 55 кг
* Хар чавга – 230 кг
* Хэрээн нүд – 30 кг
* Хатаасан цангис – 20 кг
* Хатаасан чангаанз – 151 кг
Өөрөөр хэлбэл, хагас тонн гаруй хатаасан жимсэнд 54 сая төгрөг зарцуулах төсөв гаргажээ.
Гэтэл өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд Н.Учрал төрийн үргүй зардлыг танаж, томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга, автомашин, зөвлөх үйлчилгээ, шагнал урамшуулал зэрэг зардлыг хязгаарлан 1.4 их наяд төгрөг хэмнэхээ зарлаж байсан.
Тэгвэл төрийн өмчит үйлдвэрийн газрын худалдан авалтад энэ хэмнэлтийн бодлого үйлчилж байна уу?
Иргэдээс бүсээ чангалж, татвараа төлөхийг шаарддаг төр өөрийн худалдан авалтдаа хэмнэлттэй байж чадаж байна уу гэдэг асуулт эндээс урган гарч байна.
Төсвийн мөнгөөр жимс авах нь асуудал биш. Харин 54 сая төгрөгийн худалдан авалт бодит хэрэгцээ, зах зээлийн үнэ, хэмнэлтийн зарчимд нийцэж байгаа эсэхийг тайлбарлах үүрэг Эрдэнэт үйлдвэрт бий.
