Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөөний 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байгаа бөгөөд иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн албан хаагчдын цалин хөлс, газрын тосны бүтээгдэхүүний нөөц, нүүрсний экспорт зэрэг анхаарал татсан асуудлууд багтжээ.
Тухайлбал, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэж байна.
Мөн “Солонго-1, 2” зэрэг орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн үйл ажиллагааны явцыг хэлэлцэх юм.
Үүнээс гадна газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох, төрийн суурин телефон холбооны нэгдсэн сүлжээний талаар авах арга хэмжээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэх асуудал багтжээ.
Түүнчлэн “Шинэ цагийн малчин” үндэсний хөтөлбөрийг танилцуулах болон Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны багц ажлын гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар ямар шийдвэр гаргах нь анхаарал татаж байна.
