УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.10.09/ хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна. Уг төслийг Засгийн газраас өргөн мэдүүлжээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны хоёрдугаар сарын байдлаар 8412 нэхэмжлэл шинээр хүлээн авч, 3376 хэргийг шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан нэг шүүгчид ногдох хэргийн тоо 2.5 дахин өсч, дунджаар 1456 хэрэг, нэхэмжлэл оногдох болсон нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоосон зохист ачааллаас 4.3 дахин их байна. Шүүхийн ачаалал хэтэрснээр иргэдийн шударга шүүхээр шүүлгэх, шүүхэд мэдүүлэх эрх ноцтой зөрчигдөх эрсдэлтэй. Иймд тогтмол үнийн дүнг олон улсын жишгээр хуульчилж, тусгайлсан журмаар 15,840.000/арван таван сая найман зуун дөчин мянган төгрөг/-өөс доошгүй мөнгөн дүнтэй хэргийг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан гэв. Мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлэх үйл ажиллагаанд жилд 300 сая орчим төгрөг зарцуулдаг ч гардуулалт 85 хувь нь амжилтгүй байгаа. Тиймээс үндэсний цахим шуудангаар мэдэгдэх хуудсыг илгээж, шүүхэд ирээгүй бол олон нийтэд нээлттэй зарлаж, мэдэгдсэнд тооцдог болох зохицуулалтыг тусгасан. Хэрэг, маргааны 80 хувь нь зээлийн гэрээний асуудал байгааг харгалзан зээлдэгчийн баталгаажуулалтыг нэгдсэн байдлаар, зайлшгүй хийх үүргийг зээлдэгчид ногдуулах шаардлагатай гэж хууль санаачлагч үзжээ. Ердийн журмаар шийдвэрлэх хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгохгүй байх зохицуулалт оруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралаас гарч, маргааныг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
