Канадын зохиолч, яруу найрагч Энн Карсон 2026 оны Нобелийн утга зохиолын шагналын эзэн боллоо. Нобелийн хороо түүнийг “сонгодог утга зохиолын уламжлалтай бүтээлчээр харилцаж, орчин үеийн утга зохиолд шинэ хэлбэр бий болгосон зоримог бүтээлүүдийнх нь төлөө” шагнажээ.
Карсон 1950 онд Торонтод төрсөн бөгөөд эртний Грекийн хэл, утга зохиол судалж, докторын зэрэг хамгаалсан. Түүний бүтээлийн онцлог нь эртний Грекийн домог, шүлэг, жүжгийн санааг орчин үеийн амьдрал, хайр дурлал, ганцаардал, өөрийгөө танин мэдэхүйн сэдэвтэй холбон шинэчлэн бүтээдэгт оршино.
Тэрбээр эртний зохиолуудыг үгчлэн орчуулахын оронд дүр, үйл явдал, гол санааг нь авч, өнөөгийн уншигчдад шинэ хэлбэрээр хүргэдэг. Карсон Сапфогийн шүлгийн хэсгүүдийг орчуулж, Софоклын “Электра”, “Антигона”, Еврипидийн “Бакхай” зэрэг жүжгийг англи хэлнээ хөрвүүлжээ. Түүний зарим орчуулгыг бие даасан уран бүтээл гэж үздэг.
Карсон 1995 онд хэвлэгдсэн “The Glass Essay” бүтээлдээ уламжлалт яруу найргийн хэлбэрээс өөр бичлэгүүдийг нэгтгэсэн бол 1998 оны “Autobiography of Red: A Novel in Verse” номоороо өргөн танигдсан. “Улааны намтар” хэмээн орчуулж болох уг бүтээлд эртний Грекийн домгийн улаан өнгийн, далавчтай мангас Герионыг орчин үеийн ертөнцөд амьдарч буй залуу хүний дүрээр дахин бүтээжээ.
Зохиолч яруу найраг, эсээ, жүжиг, орчуулга, богино бичвэр зэрэг олон хэлбэрийг хослуулдаг. 2016 оны “Float” ном нь өөр өөр сэдэвтэй 22 жижиг номоос бүрддэг бөгөөд тэдгээрийг уншигч хүссэн дарааллаараа унших боломжтой. Харин 2024 оны “Wrong Norma” бүтээлд богино өгүүлэмж, яруу найраг болон бусад төрлийн бичвэрийг нэгтгэжээ. Карсон театр, дуурь, бүжиг, дүрслэх урлагийн уран бүтээлчидтэй ч хамтран ажилладаг.
Нобелийн хороо Карсоны бүтээлүүд 1990-ээд оноос хойш олон улсын утга зохиол, урлагт чухал нөлөө үзүүлснийг онцолсон байна. Хорооны дарга Андерс Олссоны хэлснээр, Карсон үг бүрийн утга, гарал үүслийг нягтлан авч үзэж, түүгээр дамжуулан шинэ санаа бүтээдэг зохиолч юм.ЭХ СУРВАЛЖ: NOBEL PRIZE
