Тив дэлхийг зорьсон тамирчдынхаа захыг мушгин, ялалтын мэдээ хүлээн суудаг монголчуудыг зургаан өдрийн турш дэлгэцийн өмнө уясан чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.
Тодруулбал, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын нийслэл Астана хотноо аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
2028 оны Лос Анжелесын олимпын наадам ойртож буй энэ үед жүдо болон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд аравдугаар сард дараалан зохион байгуулагдсан нь спорт сонирхогчдын анхаарлыг татаж, тамирчдын бэлтгэл, амжилт, цаашдын олимпын бэлтгэлийн талаар багагүй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос зохион байгуулсан тус тэмцээнд 135 орны 1000 гаруй бөх оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн юм. Эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингийн ангилалд нийт 30 багц медалийн төлөө дэлхийн шилдгүүд өрсөлдлөө.
Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10, нийт 20 тамирчин бүтэн багаараа оролцсон бөгөөд тэмцээнийг гурван хүрэл медаль, таван тавдугаар байрын амжилттай өндөрлүүлэв.
ЭМЭГТЭЙ БАГ 74 ОНООГООР ДОЛООДУГААР БАЙРТ ЖАГСЛАА
Монголын эмэгтэй бөхчүүд Астана-2026 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртэж, гурван тамирчин тавдугаар байрт шалгарлаа. Багийн нийлбэр дүнгээр 74 оноо авч, улс орнуудын жагсаалтад долоодугаарт бичигдсэн байна. Харин зохион байгуулагч Казахстаны баг наймдугаарт эрэмбэлэгджээ.
Чөлөөт бөхийн багийн чансааг зөвхөн медалийн тоогоор бус, тамирчдын авсан онооны нийлбэрээр эрэмбэлдэг онцлогтой.
Монголын багийн медалийн салхийг эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Даваанасан хагаллаа. Тэрбээр “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт бөгөөд энэ удаа хүрэл медаль хүртсэнээр хоёр өөр жинд дэлхийн аваргын медальтай болж, хошой медальтан болов.
Хоёр дахь хүрэл медалийг 59 кг-ын жинд зодоглосон ОУХМ Х.Болортуяа эх орондоо авчирлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны тамирчин Алтын Шагаеваг эхний үед даралтаар буулган авч, Монголын багийн медалийн тоог нэмэгдүүлсэн юм.
Харин дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө хэмээн хүлээлт үүсгээд байсан мөнгөн медальт Б.Хулан, Э.Дэлгэрмаа болон хүрэл медальт Т.Энхжин нар энэ удаа тавдугаар байрт шалгарлаа. Ийнхүү тэдний дэлхийн аваргын медалийн тоогоо нэмэгдүүлэх зорилго ирэх жил хүртэл хойшлов.
ЭРЭГТЭЙ БАГ 35 ОНООГООР ЕСДҮГЭЭР БАЙРТ ОРЛОО
Монголын эрэгтэй багийн 10 тамирчнаас гурав нь медалийн төлөө барилдсан ч нэг хүрэл медаль, хоёр тавдугаар байрын амжилт үзүүлэв. Багийн нийлбэр дүнгээр 35 оноо авч, есдүгээр байрт жагслаа.
Эрэгтэй багийн цорын ганц хүрэл медалийг 70 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга хүртэв. Энэ нь түүний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй гурав дахь медаль юм. Тэрбээр “Осло-2021” дэлхийн аваргаас хүрэл, “Загреб-2025” дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Т.Тулгын хувьд энэ удаагийн тэмцээнээс дэлхийн аваргын алтан медаль хүртэх хүлээлт өндөр байсан ч хүрэл медалиар тэмцээнээ өндөрлүүлэв.
Тэмцээний сүүлийн өдөр Монголын үзэгчдийн анхаарлыг 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ, 79 кг-ын жинд хүч үзсэн О.Сүлдхүү нар татлаа.
О.Сүлдхүү гурван жил дараалан дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдсан ч энэ удаа ОХУ-ын тамирчин Исмайл Ханиевт 6:0-ээр ялагдав.
Харин ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ насанд хүрэгчдийн дэлхийн аваргад анх удаа оролцохдоо тавдугаар байрт шалгарсан нь онцлох амжилт байлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн аварга Хан Чон-Сонтой хүч үзэж, эхний үед 1:0-ээр тэргүүлсэн ч шийдвэрлэх үед оноо алдан 3:1-ээр ялагдсан юм.
Ийнхүү Монголын эрэгтэй бөхчүүд нэг хүрэл медаль, хоёр тавдугаар байрын амжилттайгаар Астана дахь тэмцээнээ өндөрлүүллээ.
2027 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА ЛАС ВЕГАС ХОТНОО БОЛНО
Казахстан улс бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь удаагаа эх орондоо зохион байгууллаа. Тус улс өмнө нь 2019 онд “Нур-Султан-2019” нэртэйгээр дэлхийн аваргыг хүлээн авч байсан түүхтэй.
Тухайн тэмцээнд Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа, С.Цэрэнчимэд, өнөөгийн гавьяат тамирчин Т.Тулга, улсын заан П.Хүдэрбулга нарын шилдэг бөхчүүд оролцож байв.
Харин ирэх 2027 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо болно. Есдүгээр сарын 11-нээс 19-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус тэмцээн 12 жилийн дараа Лас Вегас хотод дахин дэлхийн шилдгүүдийг цуглуулах юм.
Түүнчлэн 2028 оны Лос Анжелесын олимпын наадмын эрх олгох чухал тэмцээнүүдийн нэг болох тул дэлхийн шилдэг бөхчүүдийн өрсөлдөөн улам ширүүсэх хүлээлттэй байна.
