Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд бөгөөд 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон хүндэт зочид, сайд нарын түвшний төлөөлөгчид мод тарьж, дурсгалын зураг авхууллаа.
17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь манай улс байгаль дэлхийн ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хүлээсэн үүрэг, хариуцлагаа бодитоор хэрэгжүүлж буй түүхэн боломж юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд түвшний уулзалтыг нээж үг хэлэхдээ, 17 дугаар бага хурлыг дэмжиж, хамтран зохион байгуулж буй НҮБ болон оролцогч бүх талд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Нэг орны бус, дэлхий нийтийн сорилт, бэрхшээл болсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хорогдол нь хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж, эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байгааг хэллээ.
Иймээс элсний нүүдэл, шороон шуурга, усны хомсдол, хүнсний хямрал, экологийн доройтлын эсрэг хийх тэмцэл нь нэгдмэл, уялдаа холбоотой, урт хугацааны, тогтвортой, харилцан бие биеэ дэмжсэн байх ёстойг онцоллоо.
Хэрвээ одоо л эрс шийдэмгий арга замыг сонгохгүй бол эх дэлхий цаашид бидэнгүйгээр орших өөрийн замаа сонгох учир бүгд нэгэн зорилгын дор илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээхийг уриаллаа.
