Ёкозуна Харумафүжигийн хэргийг энэ оны сүүлээр прокурорын байгууллагад шилжүүлэхээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй талаар цагдаагийн эх сурвалж мэдээлжээ. Ёкозуна Харумафүжи оргон зайлах, эсвэл нотлох баримтыг устгах боломжгүй тул баривчлан саатуулах үндэслэлгүй гэж үзэж, гадуур байцааж байгаа хэмээн мэдээллэж байна.
Харумафүжи Д.Бямбадорж өнгөрсөн долоо хоногт цагдаад байцаалт өгөхдөө Таканоиваг алгадаж, гараар цохисон, мөн караокены машины удирдлагаар цохисон гэж мэдүүлжээ. Харин Таканоива хатуу биетээр цохиулсны улмаас толгойдоо гэмтэл авсан гэх эмчийн дүгнэлт гарсан юм.
Японы сүмогийн холбооны Хямралын менежментийн зөвлөл мөн дээрх хэргийг шалгаж буй бөгөөд арваннэгдүгээр сарын 26-нд кюүшюү башё өндөрлөсний дараа холбогдох хүмүүст зохих шийтгэлийг оноох бололтой.
