Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб-аас зохион байгуулсан “Шилдэг хип хоп дуу, уран бүтээл” улсын хэмжээний уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Цэргийн алба хаагчдын авьяас чадвар, эх оронч үзэл, залуусын бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой уг уралдаанд Зэвсэгт хүчний анги, салбаруудаас нийт 29 уран бүтээл ирсэн бөгөөд урьдчилсан шалгаруулалтаар 19 бүтээл финалд шалгарч өрсөлдсөн байна.
Хүчтэй өрсөлдөөн дундаас 016 дугаар нэгтгэлийн алба хаагчид болох Ш.Ихбаяр, Д.Нандинбилэг нарын хамтарсан уран бүтээл шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч тэргүүн байр эзэлжээ.
Ялагчдыг:
• 10 хоногийн чөлөө
• 3 сая төгрөгийн мөнгөн шагнал
• Дууныхаа албан ёсны клипийг мэргэжлийн түвшинд хийлгэх эрх
зэрэг томоохон урамшууллаар шагнасан байна.
Уралдааныг зохион байгуулагчдын зүгээс “Цэргийн алба хаагчид зөвхөн байлдааны бэлтгэл, сахилга бат төдийгүй урлаг, уран бүтээлээрээ ч манлайлж чаддгийг энэ тэмцээн харууллаа. Залуус эх оронч үзэл, цэргийн амьдралыг орчин үеийн хөгжмийн урсгалаар илэрхийлсэн нь онцлог байлаа” хэмээн онцолсон юм.
