Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 70 дахь удаагийн тэмцээнд 130 орны мисс өрсөлдсөнөөс Польшийн иргэн, 22 настай Каролина Белявска тэргүүн титмийг зүүлээ.

Удирдлагын чиглэлээр магистрын түвшинд суралцаж буй Каролина цаашид докторын зэрэг хамгаалах хүсэлтэй. Суралцахын хажуугаар загвар өмсөгчөөр ажилладаг. Чөлөөт цагаараа усанд сэлэх, газрын теннис, бадминтон тоглох дуртай Каролина нэгэн цагт урам зориг бадраасан илтгэгч болно гэж найддаг гэлээ. Сайн дурын ажилд идэвхтэй оролцож нийгмийн гадуурхалтын эсрэг тэмцдэг. Түүний удирддаг “Зупа На Пиетриние” гоо сайхны төслийнхөн орон гэргүй хүмүүст байнгын тусламж үзүүлэхээс гадна олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.Тэд ням гараг бүр Лодз хотод орон гэргүй 300 орчим хүнийг хооллон, хүнсний багц олгож хуулийн зөвлөгөө, эмнэлгийн тусламж үзүүлдэг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь Ковид19 халдварын эсрэг вакцинд бүртгүүлэх эрхгүй байсан ч төслийн хүрээнд 400 гаруй хүнд вакцин хийлгэх Засгийн газрын зөвшөөрлийг авч чаджээ.
