Сирид явуулсан агаарын цохилтын үеэр Ираны хувьсгалт гвардын хоёр генерал алагджээ


Сирийн нийслэл Дамаск хот дахь Ираны консулын газар өчигдөр агаарын цохилтод өртөх үеэр Ираны зэвсэгт хүчний элит нэгж болох Хувьсгалт Гвардын долоон гишүүн амь үрэгджээ.

Тэдний дунд Мохаммад Реза Сахеди, Мохаммад Хади Хажи нарын хоёр бригадын генерал байсан байна. Генералуудын нэг нь Хувьсгалт Гвардын таван үндсэн салбарын нэг болох Кудс Хүчний командлагч байсныг эх сурвалжууд баталжээ.

Агаарын цохилтыг Израилийн талаас үйлдсэн гэж Сирийн төв хэвлэл мэдээлсэн ч Тель-Авивын эрх баригчид энэ талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр Палестины Хамас зэвсэгт байгууллага Израилийн нутаг дэвсгэрт халдсаны дараа Ираны холбоотнуудыг ангуучлах ажиллагаа эрчимжсэн.

Даваа гарагийн хэрэг явдал нь сүүлийн найман өдрийн дотор Сирийн нутагт үйлдсэн тав дахь агаарын цохилт болж байна.

Сирийн ерөнхийлөгч Башар Аль-Ассадын гол ивээн тэтгэгч нь Ираны дэглэм юм.

“F-35 сөнөөгч онгоцнуудаас явуулсан агаарын довтолгоонд хамгийн цөөндөө таван хүний амь үрэгдлээ” гэж Дамаск дахь Ираны элчин сайд Хоссейн Акбари мэдэгджээ.

Ингэхдээ тэр сөнөөгч онгоцнуудын талаар мэдээлэл хаанаас авснаа хэлээгүй байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден агаарын цохилтын талаар мэдээлэл авсан, түүний баг болсон явдлыг тодруулахаар ажиллаж байгаа тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Гурван өдрийн өмнө Израилийн талаас Сирийн нутагт агаарын цохилт өгөх үеэр 53 хүн амь үрэгдсэний 38 нь Сирийн армийн цэргүүд, долоо нь Ираны дэмжлэгтэй Хезболла зэвсэгт байгууллагын гишүүд байв.

Хезболлагийн дайчид одоо Ливаны нутаг дэвсгэрээс Израилийн талтай бараг өдөр тутам буудалцаж байгаа юм.

access_time 2024-04-02 09:07

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt