Фүжи уул руу шавсан олны өмнө хана босгоно

Японы үзэсгэлэнт Фүжи уулын зургийг хамгийн сайхан байрлалаас дарахад зориулсан тусгай цэг байдаг. Тодруулбал, Токио хотоос баруун тийш 100 км зайд орших Яманаши мужийн Фүжикавүчико хотод тус цэг бий. Гэтэл Фүжикавүчико цэг уулын зургийг дарах гэсэн гадаадын жуулчдын хөлд дарагдсан тул торон хаалт босгохоос өөр аргагүй болжээ.

Нэрээ нууцалсан албаны хүний хэлснээр жуулчдын эмх замбараагүй байдал хэрээс хэтэрсэн аж. “Жуулчид хогоо хаях, замын хөдөлгөөний дүрэм баримтлахгүй байх зэрэг асуудал тасрахгүй байна. Анхааруулах тэмдэг тавьж, хамгаалалтын ажилтнууд гарсан ч ялгаа алга. Ийм арга хэмжээ авч байгаадаа харамсаж л байна” гэж албаны эх сурвалж хэлжээ.

2.5 метр өндөр, 20 метр өргөнтэй торыг ирэх долоо хоногийн эхээр босгоно.

Жижиг хотод хэт олон хүн бөөгнөрч буй нь Японд томоохон асуудал юм. Цар тахлын дараа хил нээгдсэнээс хойш Япон улс аялагч жуулчдаар “хахаад” буй. Энэ оны гуравдугаар сард тус улсын аялал жуулчлалын түүхэнд байгаагүй үйл явдал болж, гурван сая гаруй гадаадын жуулчин хүлээн авчээ. Мэдээж аялагчдын олонх нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Фүжи уулыг зоридог.

Нутгийн зарим иргэн Фүжи уулыг “хогон уул” гэж нэрлэх нь ч бий. Аялагчид хогоо хаядаг, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт нь ихэссэн зэрэгтэй холбон ийн хочилсон аж.

Эх сурвалж: CNN

access_time 2024-04-27 14:57

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt