Цахим спортын “CS2” төрөлд дэлхийн чансааг тодорхойлдог хоёр гол байгууллага бий. Нэг нь тус тоглоомыг хөгжүүлэгч “Valve”-ийн чансаа байдаг бол нөгөө нь энэ тоглоомын хамгийн том мэдээллийн платформ болох “HLTV”-ийн чансаа. Хоёулаа тус тусдаа, өөрсдийн аргачлалаар чансааны оноог тооцож, багуудыг жагсаадаг. Тэгвэл өчигдөр/2025.09.29/ “HLTV”-ийн чансааг шинэчилжээ.
“HLTV”-ийн чансаа тогтсон тогтмол хугацаанд шинэчлэгддэг бол “Valve”-ийн чансаа тоглолт, тэмцээн бүр дууссаны дараа дор бүрнээ шинэчлэгддэг.
“The MongolZ” баг анх удаагаа “HLTV”-ийн дэлхийн чансааг тэргүүлж эхлэв. Тэд 2025 оны турш топ арваас буугаагүй бөгөөд “IEM Melbourne”, “IEM Dallas” тэмцээнүүдийн хагас шигшээ, “PGL Astana”-ийн 5-8 дугаар байрт орсны дараа топ тав руу оржээ.
Харин Остин Мэйжорын дараа дэлхийн топ гурван багийн нэгээр тодорч, энэ улирлын хоёрдугаарт хагаст цахим спортын ДАШТ-д түрүүлж, “IEM Cologne”-ийн плей-оффд шалгарч, “BLAST Bounty”-ийн хоёрдугаар улирал болон “FISSURE Playground 2” тэмцээнд дэд байр эзэлсэн амжилтаараа “Valve”-ийн чансааг тэргүүлж эхэлсэн билээ.
Тэгвэл одоо “HLTV”-ийн дэлхийн чансаанд “Vitality”-г гүйцэж, албан ёсоор хоёр чансаагаар дэлхийн топ баг боллоо. Францын баг энэ оны эхэнд долоон тмцээнд дараалан түрүүлж, 37 тоглолт дараалан ялаад байсан юм. Тэднийг гүйцнэ гэдэг бүтэшгүй мэт санагдаж байсан ч эцэст нь монгол хөвгүүд чадлаа. “Vitality” баг ч улирлын хоёрдугаар хагаст утгаараа унаж, олигтой амжилт үзүүлсэнгүй.
“The MongolZ” баг есдүгээр сарын 22-ноос 29-ний хооронд чансааны хоёр оноо авч чадсан бол “Vitality” чансааны 30 оноо алдаж, 910-аас 880 болжээ. Угтаа тэд 1000 оноотой бусдаасаа илт тасархай чансааны оноотой байсан юм.
Мөн “MOUZ” баг нэр байр ахиж, “Spirit”-ийг гүйцжээ.
