
УИХ-ын Н.Алтанхуяг өнөөдөр 16 цагт АТГ-т мэдүүлэг өгөх талаарх мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах тогтоолыг АТГ-т ирүүлжээ. Энэ дагуу УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тогтоолтой танилцахаар өнөөдөр АТГ-т очсон ч хойшлуулсан байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хөгжлийн банкийг шалгаж эхэлснээс хойш намайг ямар нэг асуудалтай холбож, урьдчилан гэм буруутан болгохоор янз бүрийн зүйл яригдаж байсан. Манай Засгийн газраас гарсан шийдвэртэй холбоотой асуудлаар намайг яллагдагчаар татах санал ирүүлсэн юм байна. Юу болоод байгааг би сайн мэдэхгүй байна. Н.Алтанхуягийг дуугүй болгох төлөвлөгөө боловсруулж, зохиол бичиж байгаа гэсэн. Өмнө нь Ц.Элбэгдоржийн зохиолоор явдаг байсан одоо хэн зохиол бичиж байгааг мэдэхгүй. Гэхдээ үнэн тодорно. АТГ, прокурорын байгууллагад өөрчлөлт гарсан гэж найдаж байна. ” гэсэн байр суурийг илэрхийллээ.
