
Дөрөвдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн шүлхий өвчинтэй тэмцэх сарын хугацаатай кампанит ажлыг эхлүүлээд байна. Өнгөрсөн оноос эхлэн мал, амьтны гоц халдварт өвчний тархалт улсын хэмжээнд эрчимжээд байгаа ба 20 аймагт шүлхий өвчин бүртгэгджээ.
Улсын хэмжээнд оны эхний улиралд малын өвчлөлийн улмаас 3300 орчим толгой мал хорогдсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 49.2 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
2021 оны эцэст улсын хэмжээнд 67.3 сая толгой мал тоологдоод байна. Нийт малын тоо толгой өмнөх оныхоос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл одоогийн түвшнээс буурахгүй жилд ойролцоогоор 0.5 хувиар нэмэгдэж, 2030 онд 22 орчим хувьд хүргэхээр зорьж байгааг салбарын яам мэдээллээ.
Төвийн бүс нутаг дахь вакцинжуулалтыг эрс багасгаж, эрүүлжүүлэх шинжилгээ хийх стратегид шилжин малын эмийн үлдэгдлийг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэх юм байна.
