Сүүлийн хоёр өдөр хоёр талаас төлөөлөл болж уулзалдсан бөгөөд эхний уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохын тулд ирцээ бүрдүүлье гэдэг дээр тохиролцсон. Ингэхдээ 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудал хэлэлцэхгүй зөвхөн Г.Тэмүүлэнг тангараг өргүүлснээр чуулганыг хаасан байдаг. Харин өчигдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын өрөөнд 30-ын талтай уулзаж, талууд асуудлаа ярилцсан байна. Ингэхдээ чуулган, байнгын хорооны ирцээ бүрдүүлээд, төсвийн тодотголоо батлаад цаашаа явах эсэх гээд хэд хэдэн асуудал ярилцжээ. 30-ын талаас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг огцруулах асуудлыг тавьсан бол Н.Учралын талаас тодорхой хариу өгөөгүй байна. Гэхдээ эх сурвалжуудын хэлж буйгаар 38-ын тал Л.Энх-Амгаланг огцруулахгүй гэсэн байр суурьтай байгаа аж.
Өөрөөр хэлбэл, Л.Энх-Амгаланг 30-ын тал огцруулахыг шаардаж байгаа бөгөөд харин Л.Энх-Амгалангийн зүгээс яамнаас нь алга болсон эксел файлын учрыг олж шалгасны дараа шаардлагатай бол уучлал гуйна гэдгээ илэрхийлээд байгаа юм.
