АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх арванхоёрдугаар сард Майамид болох “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтад Путиныг урьжээ. Энэ нь түүний Орос, Украины дайны гал дор Вашингтон, Москва хоёрын харилцааг бэхжүүлэх гэсэн ээлжит нэгэн оролдлого болов.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ талаар хэлэхдээ “Оросын ерөнхийлөгч Путин дэлхийн удирдагчидтай уулзах боломжийг алдахгүй гэдэгт итгэж байна. Асуудлуудыг шийдэхийн тулд санал зөрөлдөөнтэй, зөрчилдөөнтэй байдаг хүмүүстэйгээ уулзах хэрэгэтй. Тийм болохоор бид Путиныг дээд хэмжээний уулзалтад урьсан. Энэ уулзалт түүнд зөвхөн манай ерөнхийлөгчөөр тогтохгүй дэлхийн бусад удирдагчтай уулзах боломж олгоно. Урилгыг хүлээн авна гэдэгт нь найдаж байна” гэжээ.
Олон улсын эрүүгийн шүүх 2023 онд украин хүүхдүүдийг хууль бусаар хил давуулсан дайны гэмт хэргээр Путиныг буруутгаж, баривчлах тушаал гаргасан. Баривчлах тушаал ёсоор бол Путин Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн аль нэг улсад зорчвол тухайн улс нь баривчлах үүрэгтэй. Гэвч АНУ нь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн биш юм.
Дашрамд дурдахад, Нью-Йорк хотноо үргэлжилж буй НҮБ-ын чуулганы индрээс Украины ерөнхийлөгч Зеленский Орост илүү их санхүүгийн дарамт шахалт үзүүлэхийг улс орнуудаас хүссэн билээ. Тэрбээр “Орост худалдаагаар дамжуулан орлого оруулбал тэд энэ дайнаа сунгасаар байх болно. Тийм учраас л түрэмгийлэгчтэй хийх худалдаагаа хязгаарлахыг бид шаардаад байгаа юм. Тийм учраас л бид Оросын орлогыг өөрсдөө шатааж байна. Орос улс дайныг зогсоож болохуйц алхам хийхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа эсэхэд эргэлзэж байна” гэжээ.ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA
