Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж тавдугаар сард эрчимжиж эхэлсэн. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл энэ оны хичээлийн жил эхлэхэд улаанбурхан өвчлөлийн тохиолдол нэмэгдэж магадгүй гэж албаныхан тооцоолж байв. Улмаар 0-15 насны хүүхдүүдийг улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Ингэснээр өвчлөлийн тоо буурч байгаа аж. Тодруулбал, улаанбурхан өвчний дэгдэлт өмнөх саруудтай харьцуулахад улсын хэмжээнд буурсан үзүүлэлттэй байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Тухайлбал, сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2-3 тохиолдол бүртгэгдэж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар нэмэлт дархлаажуулалтын хамрагдалт 65 хувьтай байгаа ажээ.
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 13487 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн 13467 байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй долоо, гэрээр эмчлүүлж буй дөрвөн өвчтөн байна. Харин улаанбурхан өвчнөөр 11 өвчтөн нас баржээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй есөн тохиолдлын зургаа нь биеийн байдал дунд, нэг хүнд өвчтөн байгаа гэнэ.
Тус өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насны 5052 хүүхэд байгаа бол 0-4 насны 3098 хүүхэд байгаа аж. Харин 5-9 насныхны дунд улаанбурхан өвчний 1736 тохиолдол бүртгэгджээ.
Үүнээс гадна дархлаажуулалтын тунд бүрэн хамрагдаагүй болон өмнө нь улаанбурхан өвчин тусч байгаагүй бага насны хүүхэд өвчлөх магадлал өндөр гэж үзэж байгаа аж. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
