2025 оны 9 дүгээр сарын 2-нд Монгол Улсад Шинэ Зеландын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунлигийн албан ёсны айлчлал эхэллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид бараалхсан бөгөөд хоёр улсын парламентын ардчиллын туршлага, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Монгол Улсад төлөөлөгчдийг угтан авч, 2025 оны хоёрдугаар сард Монголд болсон айлчлалын үеэр Шинэ Зеландын парламентын гишүүд халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлэв. Тэрбээр мөн Монгол Улс энэ жил хууль тогтоох байгууллагынхаа үйл ажиллагааг шинэчлэх зорилгоор Шинэ Зеландын парламентын туршлагыг нэвтрүүлж, 2025 оны хаврын ээлжит чуулганаар Ерөнхий сайдын мэдээллийн цагийг Улсын Их Хурлын асуулгын цаг болгон өөрчилсөн төслүүдийг батлуулсан талаар дурдлаа.
Түүнчлэн, Монгол, Шинэ Зеланд улс төрийн тогтолцоо, ардчиллын зарчмуудыг эрхэмлэдэг гэдгийг онцлон тэмдэглэж, хоёр тал туршлага, зөвлөмж солилцох замаар ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлэв.
Жерард Браунли, Шинэ Зеландын парламентын гишүүдийн тоо Монголынхтой ойролцоо, тулгарч буй сорилтууд ч ижил төстэй байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр хоёр улс ардчилсан засаглал, парламентын бүтэц, эрх зүйн орчны хувьд харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ардчиллын зарчмуудыг бататгаж буйг дурьдлаа.
Мөн тэрбээр, хөдөө аж ахуй, төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагаа хөгжиж буйг онцлон тэмдэглэж, хоёр орны парламентын туршлага, санал солилцоо ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй байгааг онцолсон. Сонгуулийн холимог тогтолцооны давуу тал, тулгарч буй сорилтууд, намуудын онцлог зэрэг сэдвээр санал солилцсон бөгөөд хоёр улсын парламентын онцлог, давуу тал, бэрхшээлүүдийг хамтдаа судлах үүднээс хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Энэ айлчлал нь хоёр улсын парламентын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ардчиллын зарчмуудыг бэхжүүлэх чиглэлээр шинэ нөхцөл, боломжуудыг нээж өгч буй бөгөөд цаашид ардчилсан засаглал, хууль тогтоох байгууллагын харилцан туршлага солилцох, хамтын төслүүдийг өргөжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн шинжээчид үзэж байна.
