Даатгалын хураамж нэмсэн СЗХ-ны будлианы эзэд тушаал дэвшихнээ

Шинэ он гараад иргэд олон шинэ татвар, төлбөрийн өсөлттэй нүүр тулж байна. Даарин дээр давс гэгчээр жолоочийн даатгал хүртэл нэмэгдэж зарим жолооч 700 мянга гаруй төгрөг төлж шоконд орж байгаа билээ. Тэгвэл энэ гэнэтийн шийдвэрийн цаад эзэд болох Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд иргэдэд ямар нэг тайлбар өгч хариуцлагаа хүлээхийн оронд чимээгүйхэн сууцгааж байгаад тушаал дэвших бололтой.
Тус хорооны дарга Д.Баярсайханы үүрэгт ажлын хугацаа өнгөрсөн оны 11 сард дууссан бөгөөд буцаж байгаа энэ хүнд ёстой юу ч наалдахаа больсон. Харин жинхэнэ “хэргийн эзэд” болох хоёр хүний нэг нь хорооны дарга болж нөгөө нь местэндээ үлдэхнээ.

Т.Жамбаажамц
СЗХ-нд үүсгэн байгуулагдсан үеэс нь ажиллаж байгаа, сүүлийн 10 гаруй жилд нь Ажлын албаны дарга гэх байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг гол албан тушаалд олон даргын өнгөн дээр ажилласан. Товчхондоо бол хамгийн гол хүн нь албан ёсоор СЗХ-ны дарга болохоор нэр дэвшиж өнөөдөр ЭЗБХ-ны сонсголд орж байна.
Салбарын туршлагатай хуульч гэдэг имижтэй түүний оролцоо, хяналтгүйгээр даатгалын хураамжийг эрс нэмж, иргэдээ нас хүйсээр нь ялгаварласан журам батлагдсан байх учиргүй. Тэр бүү хэл өнгөрсөн оны 10 сард батлагдсан даатгалын итгэлцүүртэй холбоотой тогтоолд хэрэгжилтийг хангаж ажиллахыг Жамбаажамцад хариуцуулсан байна. Өөрөөр хэлбэл 2 сарын хугацаанд үр дагаврыг нь мэдсээр байж чимээгүйхэн бэлдэж байжээ гэсэн үг.
Түүнийг УИХ-ын гишүүн асан Д.Мөнх-Оргил болон Баянхонгорын гаралтай гишүүд СЗХ-ны дарга болгохоор лоббидсон гэдэг.
Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, Д.Цогтбаатар нарын гишүүд сонсголын үеэр хэлсэнчлэн койны луйвар, мөнгө угаахын саарал жагсаалт, даатгалын хураамжийн өсөлт, ББСБ-уудын мөнгө угаалт гэх мэт олон асуудал үүсэх үед даргаар ажилласан хуучин системийн энэ хүнээс шинэ бодлого хүлээлтгүй бололтой.

Н.Хүдэрчулуун
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга бөгөөд Албан журмын даатгалын холбооны удирдах зөвлөлийх дарга энэ хүнтэй жолоочийн даатгалын хураамж нэмсэн асуудал шууд хамааралтай.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ангийн найз гэдгээрээ СЗХ-ны дараагийн дарга болох магадлалтай гэж гэж яригдаж байсан тэрээр одоогийн албан тушаалдаа улиран үлдэх болжээ.
Сүүлийн 5 жил даатгалын салбар хариуцсан дэд даргаар ажиллаж байгаа түүний үед даатгалын салбар дорвитой хөгжсөн үү гэвэл тодорхой үр дүн харагдахгүй.

access_time 2025-01-14 16:35

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt