
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас 2024 оныг “Ахлагчийн жил” болгон ажиллахыг уриалж, түүний ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний чуулган”-ыг угтсан олон талт ажил, арга хэмжээнүүд явагдаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд оролцох үеэрээ “Ахлагч нар төр иргэн хоёрын гүүр болж, Монгол Улсын хуулийг сахиулахын төлөө амь насаа үл хайхран, амьдралын халуун цэгт ажилладаг хүмүүс” гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ.
Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, хэрэгжилт, Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа, Монгол Улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл өгөв.
Тухайлбал, 2021 онд 43.6 их наяд төгрөг байсан дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 68.9 их наяд болж, 2024 оны хүлээлт 74 их наяд төгрөг байна. Мөн цар тахлын оргил үед -4.7 хувь хүрч унасан эдийн засаг өнгөрсөн онд 6.8 хувь болж өсөж, эдийн засгийн өсөлтөөр бүс нутагтаа гуравт орж байна.Анх удаа нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5220 ам.долларт хүрч, улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарсан. Мөн цахим засаглалын индекс 18 байраар урагшилжээ.
Эдийн засгийн өсөж дотоодын цэргийн алба хаагчдын үндсэн цалинг хоёр удаа 28-77 хувиар нэмсэн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд “Төрийн албан хаагчдын нийгмийн баталгаанд анхаарч, цалин нэмэхээс гадна анх удаа байр авч байгаа төрийн албан хаагчдыг дэмжих, хөдөө орон нутагт шилжин ажиллах албан хаагчдыг илүү дэмжих бодлого баримтлана” гэлээ.

Энэ үеэр НЦУГ-ын дарга О.Ганбат хэлсэн үгэндээ “Ахлагч бүрэлдэхүүн гэдэг ард иргэдтэй хамгийн эхэнд нүүр тулж, тэдэнд учирсан бэрхшээлийг шийдвэрлэж, халуун цэг дээр ажилладаг цагдаагийн байгууллагын суурь бие бүрэлдэхүүн юм. Тийм учраас ахлагч бүрэлдэхүүний санал бодлыг сонсох, тэдний зорилго, чиглэл, цаашид баримтлах бодлогоо хэрэгжүүлэхэд учирч буй бэрхшээл, үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар өнөөдөр цуглаж зөвлөлдөж байна. Цагдаагийн байгууллага нь 12 мянга гаруй бие бүрэлдэхүүнтэй. Энэ бие бүрэлдэхүүний 45-50 хувь нь ахлагч бүрэлдэхүүн байна. Өөрөөр хэлбэл ахлагч бүрэлдэхүүн нь цагдаагийн байгууллагын суурь бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас эдгээр ахлагч нарын нийгмийн баталгааг хангах, гэр орон сууцаар хангах, ар гэртээ санаа зоволгүй ажлаа хийх нөхцлийг нь бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас олон ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд ахлагч бүрэлдэхүүний цалинг 1,2 хүртэл төгрөгөөр нэмээд байна. Мөн сурч, боловсрох боломжийг олгох зорилгоор бодлого гаргаад ажиллаж байна.” хэмээлээ.
