
Бид хэрэгцээт эрчим хүчнийхээ 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэнийг ОХУ, БНХАУ-аас импортолдог. Эрчим хүч хэрэглэгчийн тоо дунджаар 7-8, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл 6-7 хувиар өсжээ.
Дулааны IV цахилгаан станц, Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын өргөтгөлүүд ашиглалтад орсон нь сүүлийн жилүүдийн оргил ачааллыг давахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
2022-2023 оны өвлийн оргил ачаалал 1,476 МВт хүрсэн. Ирэх өвлийн ачааллыг давахын тулд Сонгино дэд станцыг түшиглэн цэнэгт хураагуур барьж, шаардлагатай тохиолдолд БНХАУ-аас эрчим хүч авахаар хэлцэл эхэлжээ.
Үүний зэрэгцээ 300 МВт-ын Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулна. Мөн оноос эрчим хүчний дутагдлаас гарч эхлэх юм байна.
Ховд аймгийн хувьд Эрдэнэбүрэний усан цахилгаан станц ашиглалтад орсноор 100 гаруй байнгын ажлын байр бий болж, усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ.
Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 90 МВт, жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм.
