
Дэлхийн өнцөг булан бүрд олон тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино компани эзэмшдэг хэвлэл мэдээллийн магнат Руперт Мердок цагдаагийн ажилтан асан Анн Лесли Смит гэх эмэгтэйтэй гэрлэхээр болсноо зарлажээ.
Энэ нь 92 настай тэрбумтны тав дахь гэрлэлт бөгөөд түүнээс өмнө 2022 оны наймдугаар сард Мердок /Мик Жаггерын хуучин эхнэр гэгддэг/ Жерри Холлоос салсан байна.
Мердок 66 настай Смиттэй өнгөрсөн есдүгээр сард Калифорни дахь усан үзмийн эдлэндээ зохион байгуулсан арга хэмжээний үеэр танилцжээ. Тэрээр New York Post сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Дахин дурлахаас би айж байсан. Гэхдээ энэ удаад сүүлчийнх нь гэдгийг мэдэж байна. Сүүлчийнх байсан нь ч дээр. Би жаргалтай байна” хэмээн ярьсан байна.
Мердок 20 тэрбум гаруй долларын хөрөнгөтэй бөгөөд Их Британийн Sun, Times, мөн Америкийн Wall Street Journal, New York Post, Fox News суваг зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд багтдаг томоохон гүрний эзэн юм.
Анн Лесли Смит “Би сүүлийн 14 жил бэлэвсэн явсан. Нөхөр маань Руперт шиг бизнесмэн байлаа. Тэр орон нутгийн сонинд ажиллаж, радио, телевизийн сувгуудыг хөгжүүлж, Univision /АНУ-ын испани хэл дээрх телевиз/ сурталчлах ажил хийж байсан. Тийм ч учраас Руперт бид хоёр нэг хэлээр ойлголцдог юм. Бид нэг итгэл үнэмшилтэй хүмүүс” хэмээн New York Post сонинд хуваалцжээ. Мөн тэрээр “Энэ бол бид хоёрт бурхнаас өгсөн бэлэг” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: ВВС
