
Энэтхэгийн өмнөд хязгаарын Керала муж хөл бөмбөгийн үнэнч фэнүүдээрээ алдартай. Энэтхэгийн хамгийн түгээмэл спорт крикет байдаг ч Керала бусдаас үгээрээ онцгойрдог байна.
Ням гарагт тус муж Катар 2022 Тэмцээний шигшээ тоглолтоор амьсгалж байжээ.
Муж даяар шигшээ тоглолтыг дамжуулах том дэлгэцүүд ажиллуулж, гудамж талбай Аргентин, Францын далбаагаар дүүрсэн байна.
Шигшээ тоглолттой давхцан хуримаа хийсэн хос залуус ч бас хөл бөмбөгийн үнэнч фэн болохоо харуулцгаажээ.
Тухайлбал энэ өдөр хуримын ёслолоо хийсэн Сачин, Атхира хоёр өөр өөрийн дэмждэг Аргентин, Францын шигшээ багуудын өмсгөлийг өмссөн байна.
Хосын нэг болох Аргентины од Лионел Мессигийн үнэнч фэн Сачин тус багийн 10 дугаартай өмсгөлтэй, сүйт бүсгүй Атхира бас Францын шигшээгийн 10 дугаарын өмсгөлтэй хуримын ширээний хойморт сууцгаажээ.
Кочи хотод болсон хуримын ёслолынхоо дараа хос хоёр шигшээ тоглолтыг үзэхээр 206 км зайтай оршдог сүйт залуугийн гэр рүү яаран явсан тухай орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.
Аргентины шигшээ багийн хожлыг Керала мужийн хөгжөөн дэмжигчид өнөөдрийг хүртэл тэмдэглэсээр байгаа гэнэ. Тухайлбал Триссур хотын нэг зочид буудлын эзэн Аргентиныг аварга болбол хүмүүсийг үнэ төлбөргүй хоолоор дайлах амлалтаа биелүүлжээ.
