
Space X, Tesla компаниудын үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Илон Маск “Старлинк Сервисес Монголиа” нэртэй компанийг Монголд байгуулжээ.
Уг компани нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтад “Улаанбаатар, Сүхбаатар, 6-р хороо, Метро бизнес центр, 10 давхар, 1001 тоот” хаяг дээр бүртгэлтэй байгаа бөгөөд гуравдугаар сарын 21-д байгуулсан байна.
Компанийн хувьцаа эзэмшигчээр “Starlink Holdings Netherlands B.V.” байгаа бол гүйцэтгэх захирлаар нь Лорен Эшли хэмээх нэр бүртгэлтэй байна.
Нидерландад бүртгэлтэй “Starlink Holdings Netherlands B.V.” компанийн эцэг компани нь “Starlink Satellite Services Corp.” бөгөөд түүний эцэг компани нь “Space Exploration Technologies Corp.” буюу “Space X” юм.
“Starlink” компани нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, өнгөрсөн гуравдугаар сард Филиппин улсад хиймэл дагуулын интернэт үйлчилгээгээ нээсэн нь Зүүн өмнөд Ази руу чиглэсэн шинэ зах зээл байв. Өргөн уудам газар нутаг бүхий Монгол Улсад хиймэл дагуулаар интернэтийн үйлчилгээ үзүүлэх асуудлыг Х.Баттулгын Монгол Улсын Ерөнхийлөгч байхад түүний удирдлага дахь Тамгын газар, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран 2020 онд тавьж байжээ.
Жил гаруйн хугацаанд хийсэн хэлэлцээний үр дүнд 2021 оны тавдугаар сард “Starlink” компани Монгол Улсад ажиллах шийдвэр гаргасан бөгөөд 2021 оны долоодугаар сард АНУ дахь төв оффисоос Монгол Улсад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авсан байна.
Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж буй гэх “Старлинк сервисес Монголиа” компани үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан эсэхийг Хэвлэлийн төлөөлөгчөөр нь дамжуулан тодруулахад, “Старлинк сервисес Монголиа” компани үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ХХЗХ-нд гаргаагүй байна гэсэн хариулт өгөв.

