Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатартай холбоотой 576.9 сая төгрөгийн зөрчлийн асуудал АТГ-т шилжжээ.
Тодруулбал, 2025 оны санхүүгийн аудитын тайланд тус яамны гадаад томилолтын зардалд 993.5 сая төгрөг зарцуулснаас 576.9 сая төгрөгийн зөрчил илэрсэн талаар дурдсан байна. Үүний дотор онгоцны тийз худалдан авахдаа үнийн судалгаа, харьцуулалт хийлгүй зургаан аж ахуйн нэгжтэй шууд гэрээ байгуулж, 429.4 сая төгрөг зарцуулсан асуудал багтжээ.
Мөн прокурорын байгууллагаас уг асуудлыг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн АТГ-т шилжүүлсэн тухай мэдээлжээ.
Сонирхолтой нь, өмнө нь гадаад томилолтын зардлын асуудлаар шүүмжлэлд өртөхөд БОУАӨЯ-наас уг мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцааж байсан удаатай.
Төсвийн мөнгөөр гадаадад зорчсон томилолтуудын үр дүн юу байв? 576.9 сая төгрөгийн зөрчилд хэн хариуцлага хүлээх вэ?
Одоо АТГ-ын шалгалтын бодит үр дүн, аудитын актын биелэлт олон нийтийн анхаарлын төвд байна.
