Германы канцлер Фридрих Мерцийг аравдугаар сарын 4-ний өдөр Украины нийслэл Киевт айлчлах үеэр нийслэлийн хойд хэсгийн томоохон гүүр Оросын дроны цохилтод өртжээ. Мерц хэлэхдээ “Украинд ирэх өдрүүдэд бидний бүх л талын тусламж хэрэгтэй байна. Орос одоо ингээд зогсохгүй л бол тэдний дайны машин мөдхөн бидний эсрэг чиглэх нь байна” гэжээ.
Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгээс харвал Хойд гүүр дэлбэрэх үеэр машинууд гүүрээр ид зорчиж байжээ. Уг халдлагаас болж хоёр хүн гэмтсэнийг Киев хотын дарга Виталий Кличко хэлэв. Киевийн Хойд гүүр хоёр дахь удаагаа цохилтод өртөж буй нь энэ. Харин Киевийн Өмнөд гүүр өнгөрсөн Пүрэв, Баасан гаригт 24 цаг хүрэхгүй хугацаанд таван ч удаа цохилтод өртсөн байна.
Харин Украины албаныхан мэдэгдэхдээ ОХУ-ын арми Киев хотын чухал дэд бүтцүүдэд цохилт өгөх замаар нийслэлийг хоёр хуваахыг оролдож байна гэсэн юм. Киев хот хот Днепр голоор дундуураа хуваагддаг бөгөөд баруун эрэгт нь албан байгууллага, төрийн захиргааны байрууд, зүүн эрэгт нь ихэвчлэн орон сууцны хорооллууд байрладаг онцлогтой. ОХУ гүүрнүүдийг үргэлжлүүлэн онилсон хэвээр байвал Украины тал Днепр дээгүүр нэмж хэд хэдэн гарц барихаар төлөвлөж байна.
Дашрамд дурдахад, Украины нийслэлд айлчилж буй гадаадын жуулчид болон өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдалд баталгаа өгөхгүй гэдгээ ОХУ анхааруулсан боловч Германы канцлер Фридрих Мерц Украинд Эдийн засаг, эрчим хүчний сайд Катарина Рейхегийн хамтаар Киевт айлчилжээ.
Айлчлалын үеэр талууд батлан хамгаалах болон аж үйлдвэрийн чухал гэрээнүүд байгуулжээ. Энэ хүрээнд хоёр улс дрон болон пуужин үйлдвэрлэх хэлэлцээрийг эцэслэн баталж байна. Мөн Герман улс Украинд 1.13 тэрбум ам.долларын цэргийн, 390 сая ам.долларын сэргээн босголтын тусламж үзүүлэх төлөвтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN
