УИХ-ын чуулганаар төсвөө хэлэлцэх ёстой. Гэвч чуулганы ирц хүрэх, эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганд оролцохоор АНУ-ыг зорьсон бөгөөд түүний айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын хэд хэдэн гишүүн багтжээ. Тэд бүгд МАН-ын олонхын талын гишүүд бөгөөд долоо хоног эзгүй байх нь.
АН-ын бүлэг Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгээс гурван өдрийн завсарлага авсан нь дуусаад буй. Үүний үр дагаварт парламент бодлогын институц гэхээс илүү “улс төрийн тоглолтын индэр” болж, гишүүд ард иргэдийн эрх ашгийг төлөөлөхөөс илүү нам, фракцын эрх ашгийг дагаж тэдэнд үйлчлэх сонирхол давамгайлж, УИХ-д олонх болсон намынхан “давхар дээл”-ний төлөө юу ч хийхээс сийхгүй болсноор эрх мэдлийн тэнцвэр, хяналт гэдэг ойлголт утгаа алдсаар буй.Гэвч Ерөнхий сайдыг өөрт нь итгэл үзүүлэх, эсэх асуудлыг оруулж ирэх шаардлага тавьсан АН үргэлжлүүлэн хуралдаанд оролцохгүй бол эрх баригч МАН өөрсдөө ирцээ бүрдүүлэх шаардлагатай нүүр тулж байна.
