АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр орны зөрчлийг түр намжааж чадсан.Пүрэв гаригт /2026.09.24/ Трамп, Ши Жиньпин нар нэг жилийн дотор гурав дахь удаагаа нүүр тулан уулзана. Уулзалтын үеэр хоёр тал одоогийн түр тогтвортой байдлыг үргэлжлүүлэхийг зорих боловч өөр өөрийн ашиг сонирхлыг хамгаална. Гэсэн хэдий ч хэлэлцэх хэд хэдэн асуудал нь цаашид хоёр улсын харилцааг дахин хурцатгах шалтгаан болж болзошгүй
БНХАУ Трампын засаг захиргаатай харилцах харилцаагаа тодорхой дипломат хүрээнд ойртуулахыг зорьж байна. Ингэснээр АНУ-ын үйл ажиллагааг тодорхой хэмжээнд хязгаарлаж, Вашингтоны бодлогыг илүү урьдчилан таамаглах боломжтой болно гэж Хятад хүсч байгаа юм.Сүүлийн үед хиймэл оюун ухаан (AI) АНУ, Хятадын харилцааны гол асуудлуудын нэг болоод байна. Хоёр улс “AI”-г эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх стратегийн технологи гэж үзэж, ширүүн өрсөлдөж байна.
АНУ Хятадыг Америкийн “AI” загваруудыг ашиглан өөрийн загваруудыг сургаж, оюуны өмчийг хууль бусаар ашиглаж болзошгүй гэж буруутгаж байна. Мөн Вашингтон Хятадын “AI” загваруудыг кибер халдлага, биологийн зэвсэг боловсруулах зэрэг аюултай зорилгоор ашиглаж болзошгүйд санаа зовниж байна. АНУ Хятадын компаниудын “AI” хөгжүүлэлтэд ашигладаг арга, аюулгүй байдлын хяналтыг илүү ил тод болгохыг хүсэж байгаа юм.
Харин Бээжин эдгээр шаардлагыг Хятадын “AI” хөгжлийг хязгаарлах оролдлого гэж үзэж байна. Гэсэн хэдий ч Хятадын талын гол санаа зовнил нь “AI”-г ашиглан улс төрийн цуурхал, хуурамч мэдээлэл тараах, нийгмийн тогтворгүй байдал үүсгэх зэрэг үйлдэл гарч болзошгүй явдал юм.
