Нийслэлийн 2025 оны төсөвт дөрвөн удаа тодотгол хийж, орлогыг 4 их наяд 222.9 тэрбум, зардлыг 5 их наяд 834.5 тэрбум төгрөгөөр баталжээ. Өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад орлогыг 1 их наяд 131.8 тэрбум, зардлыг 2 их наяд 472.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн баталсан байна.
Гэвч төсвийн орлого 3 их наяд 826 тэрбум төгрөгт хүрч, 90.6 хувийн гүйцэтгэлтэй гарснаар төлөвлөсөн орлого 396.9 тэрбум төгрөгөөр тасарчээ. Үүнд ХХОАТ, ААНОАТ, газрын дуудлага худалдааны орлого, хүүгийн орлого болон торгуулийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй нь нөлөөлсөн байна.
Нийслэлийн есөн дүүргийн төсвийн орлогыг 2 их наяд 489.1 тэрбум төгрөгөөр баталсан ч гүйцэтгэлээр 2 их наяд 297.1 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, 92.3 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Нийслэлийн төсвийн орлогын 60 хувийг дүүргүүд бүрдүүлсэн байна. Харин нийт зардлыг 5 их наяд 834.5 тэрбум төгрөгөөр баталснаас 4 их наяд 526.2 тэрбум төгрөгийг зарцуулж, 77.6 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Нийслэлийн төсвийн зардлын гүйцэтгэл 2023 онтой харьцуулахад 2.4 дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж.
237 САНХҮҮГИЙН ТАЙЛАНГААС 1.8 ИХ НАЯДЫН АЛДАА, ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 238 санхүүгийн тайланг нэгтгэснээс 237 тайланд аудит хийсэн байна. Аудитын явцад 1 их наяд 884.5 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлж, 460.8 тэрбум төгрөгийн алдааг залруулжээ.
Мөн 1.2 тэрбум төгрөгийн зөрчилд 97 төлбөрийн акт, 337.1 тэрбум төгрөгийн зөрчилд 268 албан шаардлага, 1 их наяд 82.8 тэрбум төгрөгийн зөрчилд 634 зөвлөмж өгсөн байна. Түүнчлэн 2.6 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан зургаан албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлжээ.
Аудитын дүгнэлтээр нийслэлийн төсөвт дөрвөн удаа тодотгол хийсэн нь төсвийн төлөвлөлтийн үр нөлөөг бууруулж, төсвийн тогтвортой байдлын зарчим алдагдахад хүргэсэн байна. Мөн төсвийн орлогын төлөвлөгөөг 9.4 хувиар дутуу биелүүлжээ.
Нийслэлийн нэгдсэн төсвийн нийт зарлагын 53 хувийг хөрөнгийн зардал эзэлсэн боловч төлөвлөсөн түвшинд хүрээгүй байна.
Үүнийг хөрөнгө оруулалттай холбоотой зарим төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүйтэй холбон үзжээ. Түүнчлэн төсвийн байгууллагын батлагдсан төсөвт тусган санхүүжүүлэх боломжтой зарим зардлыг нэмэлт санхүүжилтийн дансаар дамжуулан санхүүжүүлсэн байна. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зөрчил өмнөх оноос 35.1 тэрбум төгрөг буюу 8 хувиар буурсан ч мэдээлэх ёстой найман мэдээллийг байршуулаагүй зөрчил илэрчээ.
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАЛИН, УРАМШУУЛАЛ ӨНДӨР БАЙНА
Нийслэл, дүүргийн харьяанд үйл ажиллагаа явуулж буй 107 аж ахуйн нэгжээс 35 нь орлогынхоо 90-100 хувийг буюу нийт 176 тэрбум төгрөгийг зөвхөн төсвийн санхүүжилтээр бүрдүүлсэн байна.
Нийслэлийн өмчит 52 аж ахуйн нэгж, байгууллагаас долоо нь өөрийгөө санхүүжүүлээгүй атлаа төсөвт байгууллагын санхүүгийн тайлан гаргажээ.
Мөн Бодлогын судалгаа, шинжилгээний төв болон Нэгдсэн төслийн удирдлагын газар зэрэг орон нутгийн өмчит байгууллагын удирдах албан тушаалтнуудын сарын цалин 5.5-12.8 сая төгрөг буюу дундаж цалингаас өндөр байгаа нь аудитын дүгнэлтэд дурдагдсан байна.
Хүнс хангамжийн үйлчилгээ эрхэлдэг орон нутгийн өмчит таван хуулийн этгээд бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хэт өндөр үнээр төсвийн байгууллагуудад нийлүүлсэн нь төсвийн хөрөнгийн үр ашгийг бууруулжээ. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 921 дүгээр захирамжаар ашигтай ажилласан есөн орон нутгийн өмчит байгууллагын удирдлагад зорилтот түвшнээс давсан цэвэр ашгийн 20 хүртэлх хувиар урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна. Харин алдагдалтай ажилласан 31 байгууллагын хувьд алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллаагүй гэжээ.
1.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД БУС ХАДГАЛАМЖИД БАЙРШУУЛЖЭЭ
Урт хугацаат гадаад үнэт цаасны 1 их наяд 567.4 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд зарцуулахгүйгээр арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулсан байна.
Мөн Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой шалгуур үзүүлэлтийг хангаагүй Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 2.3 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө эрсдэлтэй хэлбэрээр байршуулжээ.
Авлагын дансны үлдэгдэлд дөрвөөс дээш жилийн насжилттай 43.5 тэрбум төгрөгийн авлага байгаа бөгөөд уг авлага найдваргүй болох эрсдэлтэй байна. Түүнчлэн төрд учруулсан 1.1 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахтай холбоотой хуримтлагдсан авлага үүссэн гэж аудитын байгууллага мэдээлэв.
НИТХ-ын 2025 оны 26/05 дугаар тогтоолоор 10 компанийн дүрмийн санг нэмэгдүүлэхээр 18.5 тэрбум төгрөгийн хөрөнгө баталсан боловч үүнээс 7.6 тэрбум төгрөгийг урсгал үйл ажиллагааны зардалд зарцуулсан байна. Мөн ашиглагч байгууллагуудад хүлээлгэн өгөөгүй зам, талбай, шугам сүлжээ, урсгал засвар зэрэг 54 төсөл, арга хэмжээ “Бусад эргэлтийн хөрөнгө” дансанд бүртгэлтэй байжээ. Татан буугдсан орон нутгийн өмчит байгууллагуудын ашиглах боломжгүй болсон 7.8 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө мөн бүртгэлтэй байна.
