ОХУ-ын нисгэгчгүй онгоц Украин-Польшийн хилийн ойролцоох галт тэргийг өчигдөр /есдүгээр сарын 13-нд/ оножээ. Уг халдлага нь Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон тэргүүтэй Европын өндөр түвшний төлөөлөгчид тухайн чиглэлээр зорчиж өнгөрснөөс хэдхэн минутын дараа болсон байна.
Украины төмөр замын операторын мэдээлснээр дрон Волынь мужийн Ягодин өртөөнд, Польшийн хилээс ердөө хоёр километрийн зайд Киев-Варшавын чиглэлд явж байсан зорчигч тээврийн галт тэрэгний зүтгүүрийг оножээ. Халдлагын улмаас зүтгүүр гэмтсэн ч зорчигчдоос хэн ч бэртэж, амиа алдаагүй байна.
ОХУ-ын тал уг бүсэд цэргийн хангамж тээвэрлэхэд ашиглагддаг төмөр замын дэд бүтцийг онилсон гэж тайлбарласан байна.
Үүнээс өмнө Борис Жонсон, Шведийн Ерөнхий сайд асан Карл Билдт болон Европын аюулгүй байдлын бусад өндөр албан тушаалтнууд Киевт болсон Ялта Европын стратегийн хурлын дараа Польшийг зорихдоо ижил төмөр замын чиглэлээр явжээ. Мөн АНУ-ын Тагнуулын төв газрын захирал асан Дэвид Петреус тэргүүтэй хүмүүс тухайн бүсэд байсан талаар мэдээлсэн байна.
Украины төмөр замын байгууллага дипломат төлөөлөгчдийн сууж явсан галт тэрэг аюулгүй байдлын үүднээс хуваарьт хугацаанаасаа өмнө хөдөлсөн гэж мэдээлжээ. Үүний улмаас халдлагад өртсөн галт тэрэг төлөөлөгчдийн галт тэрэгний араас явж байсан байна. Тиймээс Украины тал дрон дипломат төлөөлөгчдийн галт тэргийг онилсон байж болзошгүй гэж үзэж байгаа ч үүнийг одоогоор эцэслэн тогтоогоогүй байна.
Борис Жонсон халдлагыг буруушааж, үүнийг Украины энгийн иргэдийн дэд бүтцэд чиглэсэн утгагүй халдлага хэмээн мэдэгджээ. Харин ОХУ-ын тал уг бүсэд цэргийн хангамж тээвэрлэхэд ашиглагддаг төмөр замын дэд бүтцийг онилсон гэж тайлбарласан байна.
Халдлага болсон газар нь НАТО-гийн гишүүн Польшийн хилтэй маш ойрхон байгаа нь Европын аюулгүй байдлын асуудлыг дахин хурцатгалаа. Мөн тухайн өдөр Ягодин-Дорогускийн хилийн боомтын ойролцоо ачааны машинд дрон цохилт өгч, боомтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна.
