Украины нисгэгчгүй онгоцнуудын дайралттай холбоотойгоор ОХУ шатахууны экспортын хоригоо энэ оны эцэс хүртэл сунгав. Экспортын хоригийг дахин сунгасан талаар ОХУ-ын Шадар сайд Александр Новак Пүрэв гаригт мэдэгдэл хийжээ. ОХУ эхлээд гуравдугаар сард шатахууны зарим экспортыг хориглож, дараа нь долдугаар сард бүх томоохон үйлдвэрлэгчдэд хоригоо сунгасан.
Өмнө дурдаж байсанчлан, энэ хориг Монгол Улсад нөлөөлөхгүй. Тодруулбал, ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүний худалдах, худалдан авах Засгийн газар хоорондын хэлэлцээртэй болон ЕвроАзийн эдийн засгийн гишүүн орнуудад энэ хориг үйлчлэхгүй байх заалттай.
Украины Агаарын цэргийн хүчин энэ долоо хоногт Оросын түлш үйлдвэрлэдэг хэд хэдэн үйлдвэрт цохилт өгсөн.
Одоогоор нефтийн бүтээгдэхүүний хомсдол байгаа ч гэлээ хуримтлагдсан нөөцөөрөө дутуугаа нөхөж байгаа гэж Тасс агентлагт мэдээлжээ. Орос бол дэлхийн хамгийн том дизель түлш үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд экспорт нь засгийн газрын орлогын гол эх үүсвэр болдог.
