
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу, хуульч П.Эрхэмбаяр нар өнөөдөр /2024.06.14/ Үндсэн хуулийн Цэцэд хандсан талаар мэдээлэл хийлээ.
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу “Үндсэн хууль гээд жижигхэн ном бий. Энийг ерөөсөө барьж хэрэгжүүлэхээ больсон. Үндсэн хуульд 2022 оны арваннэгдүгээр сард өөрчлөлт орж, 2023 оны нэгдүгээр сард гурван заалттай мэдээлэл Үндсэн хуулийн Цэцэд өгч байсан. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгож Үндсэн хууль зөрчиж байна, шаталсан татвар хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж байна, Хувь хүний орлогын албан татварын хуульд оруулсан өөрчлөлт хувь хүний халдашгүй дархан байлгах жам ёсны эрхэд шууд халдаж байна гэсэн. Тиймээс Үндсэн хуулийн Цэцээс хүүхдийн мөнгөний асуудлаар ялгаварлан гадуурхсан байна гэж үзээд хурал зарласан. Тэгж байхад Засгийн газар шийдвэрээ өөрчилж, бүх хүүхдэд өгдөг болсон. Дараагийн асуудал нь татварын байцаагч нар хүний дансыг хуулиараа шууд нэгжих эрхтэй болсон. Тиймээс энэ асуудлыг өнөөдөр хэлэлцүүлэхээр товлосон юм. Иргэн өөрөө мэдсэн, мэдээгүй татварын ямар нэгэн асуудал үүсэхэд байцаагч нийтэд дэлгэх боломжтой болсон.
Үндсэн хуулийн Цэцээс зарласан хуралд Сангийн сайд Б.Жавхлан ирсэнгүй. Сайд өөрөө маш сайн энэ асуудлыг мэдэж байгаа.
Хувь хүний орлогын албан татвар, татварын шаталсан нэмэгдэлтэй холбоотой асуудлыг эрх баригчид маш сайн мэдэж байгаа. Бид нэг жилийн өмнө Үндсэн хуулийн Цэцэд хандсан гэв.
