
Австралийн компьютерын ухаан судлаач Крэйг Райт олон жилийн турш өөрийгөө биткоиныг зохион бүтээсэн Сатоши Накамото гэгч болохыг баталж байсан юм. Сатоши Накамото гэх нууц нэртэй хүн дэлхийн хамгийн том криптовалютыг зохион бүтээсэн гэдэг.
Тэгвэл Лондон хотын шүүх өчигдөр Райтыг “Накамото биш” гэсэн ховор дүгнэлт гаргажээ.
Энэ нь хоёр сар үргэлжилсэн шүүх хурлын үр дүн юм.
Анх COPA (Crypto Open Patent Alliance) нэрийн дор эвлэлдэн нэгдсэн крипто салбарын компаниуд Райтын биткоиныг үндэслэгч болох гэсэн оролдлого, энэ нэр төрийг ашиглан салбарт нь нөлөөгөө тогтоох оролдлогыг таслан зогсоохын тулд шүүхэд гомдол гаргаж байжээ.
Накамото мөн болохоо батлахын тулд биткоины техникийн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн гэж Райтыг COPA буруутгаж байв.
COPA эвсэлд Твиттерийг үүсгэн байгуулагч Жэк Дорсигийн Block, крипто арилжааны хамгийн том платформ Coinbase, биткоины хөрөнгө оруулалтын MicroStrategy зэрэг томоохон компаниуд багтдаг юм.
“Шүүхэд ирүүлсэн бүх нотлох баримт, мэдүүлгүүдтэй танилцаад би шийдвэр гаргахад хангалттай гэж үзлээ. Нэгдүгээрт, доктор Райт бол биткоины “white paper” бичиг баримтын зохиогч биш юм. Хоёрдугаарт, доктор Райт бол 2008-2011 оны хооронд Сатоши Накамото хэмээх нууц нэрээр ажиллаж байсан хүн биш юм. Гуравдугаарт, доктор Райт нь биткоины системийг зохион бүтээсэн хүн биш. Дөрөвдүгээрт, тэр биткоины программ хангамжийн анхны хувилбарын зохиогч биш юм” гэж шүүгч Меллор дүгнэлтээ танилцуулжээ.
COPA байгууллагын хэвлэлийн төлөөлөгч “Энэ шийдвэр нь хөгжүүлэгчид, нээлттэй эх сурвалжийн бүх байгууллагууд, үнэний талынхны ялалт юм. Найман жилийн турш доктор Райт болон санхүүжүүлэгчид нь түүнийг Сатоши Накамото хэмээн худал алдаршуулж, үүнийгээ биткоины салбарын хөгжүүлэгчдийг дарамталж, сүрдүүлэхэд ашиглаж ирсэн. Энэ явдал Крэйг Райтыг Сатоши Накамото биш гэсэн өнөөдрийн шүүхийн дүгнэлтээр эцэс болж байна” гэж мэдэгджээ.
