
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс малын амьдын жин, тарга хүчний байдал олон жилийн дунджаас хэр зэрэг байгаа талаарх мэдээллийг гаргадаг байна.
Энэхүү мэдээллийг Улсын Онцгой комиссоос хийсэн хурлын үеэр өнөөдөр танилцууллаа.
Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн инженер Г.Раднаа хэлэхдээ “Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуй, цаг уурын долоон харуул олон жил тасралтгүй судалгаа, ажиглалт хийж байна.
Булган аймгийн Орхон суманд байгалийн ойн хээрийн бүсийг төлөөлсөн мал аж ахуй, цаг уурын гурван харуул хэмжилт судалгаа хийж байна.
2024 оны хоёрдугаар сарын 29-ний байдлаарх дүн мэдээллээс харвал:
эм хонины амьдын жин 44 кг,
эм ямааны амьдын жин 36 кг
үнээний амьдын жин 276 кг
Тал хээрийн бүсийг төлөөлсөн Төв аймгийн Баян-Өндөр суманд байрлах харуулуудын мэдээгээр
эм хонины амьдын жин 38 кг
эм ямааны амьдын жин 36 кг
үнээний амьдын жин 278 кг байна.
Говийн бүсийг төлөөлсөн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ямааны харуулын хэмжилтийн мэдээгээр эм ямааны амьдын жин 22 кг байна.
Олон жилийн дундажтай харьцуулахад Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд ямааны амьдын жин маш бага болсон. Тус харуулын суурийн хэмжилтийн мэдээгээр нийт суурийн 50% нь хорогдсон байна.
Уур амьсгалын төсөөллөөс харвал цаашид эм хонины амьдын жин буурах төлөвтэй байна” гэлээ.
