
Хэрэв та аяллаар явах, гэнэтийн шаардлагаар Ковид-19, томуугийн вакцин хийлгэх гэж байгаа бол өмнө нь тайван, бат бөх унтаж байгаа эсэхээ ажиглаарай.
Учир нь вакцин хийлгэхийн өмнөх шөнө зургаан цагаас бага унтсан үед вакцинд үзүүлэх эсрэг биеийн хариу урвалыг хязгаарладаг болохыг тогтоожээ. Мөн вирус, бактерийн эсрэг хамгаалалтыг бууруулдаг нь судалгаагаар баталжээ.
НОЙР МУУТАЙ ХОНОСОН ЭРЭГТЭЙ ХҮН ВАКЦИН ХИЙЛГЭХЭД ДАРХЛААНЫ ХАРИУ УРВАЛ БУУРЧЭЭ
Чикагогийн их сургуулийн Анагаах ухааны тэнхимийн профессор, судалгааны багийн ахлах Ева Ван Каутер “Бат бөх унтах нь вакцины үр нөлөөг нэмэгдүүлж, гаднын вирусээс хамгаалах хугацаа уртсах боломжтой” гэжээ.
Гэвч уг судалгааны явцад хачирхалтай үр дүн гарсан байна. Нойр муутай хоносон эрэгтэй хүн вакцин хийлгэхэд бие махбодын хамгаалах дархлааны хариу урвалын үзүүлэлт буурчээ. Харин эмэгтэйчүүдэд энэ нь нөлөөлөөгүй байна.
Тэгвэл яагаад эрэгтэй хүний дархлаа буурч, эмэгтэйд үйлчлэхгүй байна гэдгийг лавшруулан судалжээ. Ерөнхийдөө эмэгтэйчүүдийн дархлааны хариу урвал нь томуугийн эсрэг вакцинд илүү хүчтэй байдаг аж. Мөн даавар, удамшлын болон хүрээлэн буй орчин нөлөөлөх боломжтой гэж үзсэн байна. Гэвч нас ахих тусам уг үр дүн өөрчлөгдөж болох тул бүх өндөр настнууд анхаарах хэрэгтэй аж.
UCLA-ийн Ухамсар судлалын төвийн захирал Ирвин “Хүйсээс үл хамааран нойргүйдэлтэй, шөнийн ээлжинд ажилладаг эсвэл нойрны өөр шалтгаантай бол вакцинжуулалтыг хойшлуулах талаар бодож үзэх хэрэгтэй” гэж зөвлөжээ.
Эх сурвалж: CNN
