Энэ сарын 18-ны өдөр “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос мэдээлэл хийж, энэ сарын 21, 26-ны өдөр ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газарт багшийн цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавьсан. Засгийн газраас үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж авсангүй.
Тэд төлөвлөж байснаараа өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нд ажил хаялтаа эхлүүлжээ. Ажил хаялт 08:00 цагаас эхэлсэн бөгөөд 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Улсын хэмжээнд ЕБС-ийн багш нарын 60 хувь нь, СӨБ-ын багш нарын 50 хувь нь, Улаанбаатар хотын хэмжээнд ЕБС-ийн багш нарын 55 хувь нь, СӨБ-ын багш нарын 40 хувь нь ажил хаяж байгаа гэж түр хорооны баруун бүс хариуцсан зохицуулагч Г.Энх-Амгалан мэдээлсэн байна.
“Багшийн цалинг нэмүүлэх Түр хороо”-ныхон төрөөс бодитой, дорвитой алхам хийх хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэж буй. Тус хорооны тэмцэлд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 40 орчим мянган багш нэгдсэн бөгөөд өчигдөр сургуулиудаас эцэг, эхчүүдэд хандан “Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалах, цалин хөлсөө нэмэгдүүлэх зорилгоор ажлын байрны ажил хаялт хийхээр болсон тул та бүхэн энэ сарын 21-ний өдөр хүүхдээ харгалзан хамгаална уу” гэсэн мэдэгдэл хүргүүлжээ.
Б.ЦЭЛМЭГ
